Хятад капилазм руу алхсан нь

Админ
Өчигдөр 13 цаг 17 минут

Судлаач Б.Дашравдангийн "СОЦИАЛИЗМААС УХАРСАН КАПИТАЛИСТ ХЯТАДЫН, КАПИТАЛИЗМААС УХАРСАН ХХ ИХ ХУРАЛ"  нийтлэлийг цувралаар хүргэж байна. 

Хятад капилазм руу алхсан нь

            Монголчууд капитализмыг алгассан онол, практикийн туршлагаа Ази, Африкийн орнууд руу экспортлохоор тэмүүлж байсан 1970-аад оны сүүл 80-аад оны эхээр Хятадууд хөгжингүй орнуудаас капитализмыг импортолж эхэлсэн юм.

1978 онд Дэн Сяопины эхлүүлсэн нээлттэй хаалганы бодлого нь эдийн засгийг чөлөөлснөөр Зөвлөлт тэргүүтэй коммунист систем болон Америкийн холбоотон капиталист орнуудын хувьд Хятад нь социализмаас ухарсан хэрэг байлаа. Марксаас эхлээд Маог хүртэлх бүхий л коммунистууд мөлжигч ангийг төрүүлэгч хувийн өмчийг устгаж, эрх тэгш эвхамт нийгмийг цогцлоохыг хүсч байснаас тухайлсан нэг социалист улс хөгжил дэвшилд хүрэхийн тулд коммунизмын нэрэн дор төлөвлөлт ба социализм, зах зээлийн эдийн засаг, капитализмын харилцааг дахин тодорхойлж, ажилчин ангийг баяжихыг уриалах, эдийн засгийн эрх чөлөө олгохыг хувьсгалын үйл хэрэг, ангийн тэмцлээс урвасан хэрэг гэж үзэж байв.

Өөрчлөлт шинэчлэлт нээлттэй хаалганы бодлогыг тунхагласан 1978 оны 12-р сард болсон ХКН-ын Бага хурлын хаалтын хуралдаанд Дэн Сяопин үг хэлэхдээ "Оюун санаагаа чөлөөлж, үнэнийг баримтаас эрэлхийлж, ирээдүйг харахын тулд нэгдмэл байя" гэсэн илтгэл тавьжээ.

            1982 онд тавьсан удаах илтгэлдээ Дэн: Хувийн өмчийн оршин тогтнол, өсөлт нь Хятадад социализмыг сүйрүүлж, капитализмыг дэмжих албагүй. Хөгжил бол манай улсын туйлын зарчим хэмээн мэдэгдэв. Тэрээр хөгжингүй орнуудаас менежментийн боловсронгуй туршлага, зах зээлийн дэвшилтэт механизмыг импортлохын зэрэгцээ социалист төрийн тогтолцоо, нийтийн өмчийг хадгалсаар байхаа амлаад үүнийгээ Хятадын онцлогтой социализм гэж томъёолсон.

            Хятадын онцлогтой социализмын нэг гол санаа нь: Төлөвлөлт ба чөлөөт зах зээлийн өөрийгөө зохицуулах хүч нь социализм, капитализмын үндсэн ялгаа биш. Төлөвлөгөөт эдийн засаг бол дангаараа социализмын тодорхойлолт биш гэж үзсэн явдал. Учир нь капитализмын үед ч төлөвлөлт байдаг, чөлөөт зах зээлийн өөрийгөө зохицуулах хүч социализмын үед ч тохиолддог. Тэдгээр нь хоёулаа эдийн засагт хяналт тавих арга зам гэх тайлбар. Хяналт байгаа газар социализм байна. Өгүүлж буй зах зээлийн өөрийгөө зохицуулах хүч нь Адам Смитийн тодорхойлсон “үл үзэгдэгч гар” бөгөөд социалист эдийн засгийн зарим мөчлөгт төрөөс төлөвлөөгүй зохицуулалт нөлөөлдөг бол Кейнсийн онолын дагуу капиталист орнууд ч эдийн засгаа төлөвлөдөг гэх санааг илэрхийлдэг. Өрнийн зарим эдийн засагчид ХХI зууны Хятадын үсрэнгүй хөгжил нь социализмаас ухарч капитализмыг хүлээн авсны шагнал, энэ бол чөлөөт зах зээлийн онолын ялалтын бэлгэ тэмдэг гэж бичих нь бий. Ямартаа ч тэрхүү социалист ухралт эсвэл капиталист үсрэлтийн эцэг Дэн Сяопин "Муур хар, цагаан байх нь хамаагүй. Хулгана барьж чаддаг бол тэр сайн муур" хэмээн өгүүлсэн.

             Өнгөрсөн дөчин дөрвөн жилийн хугацаанд чөлөөт эдийн засаг бүхий Хятадын онцлогтой социализм Хятадыг ямар амжилтад хүргэснийг дэлхий нийтээрээ харж байна. БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 1978 онд 149,54 тэрбум ам.доллар байсан бол 2022 онд 18 их наяд 370 тэрбум ам.доллар болж өссөн бол нэг хүнд ногдох ДНБ 156 ам.доллараас 11,800 ам.долларт хүрчээ. 1980-аад он гэхэд үерийн гамшгаас шалтгаалан ургац алдсан жилүүдэд өлсгөлөн нүүрлэхдээ тулж байсан Жөжянь мужаас Алибаба тэргүүтэй технологийн компаниуд төрөн гарч, 1979 онд 30 000 хүн амтай загасчдын суурин байсан Шэнжэнь хот өдгөө 13 сая хүн амтай метрополис хот болоод зогсохгүй зөвхөн тус хотын ДНБ 2022 оны 1-р улиралд 3 их наяд юань буюу 471 тэрбум ам.доллар давснаар Нью-Йорк, Токио, Лос Анжелес хотуудыг гүйцэж, Шанхай, Лондон, Парис, Бээжин, Чикаго хотуудтай зэрэгцэж ирэв.

            Эдийн засгаа үзэл суртлын хүлээснээс чөлөөлсөн 1980-аад оны дунд үеэс Хятадын бодлого тодорхойлогчид экспорт, хөрөнгө оруулалт, худалдан авалт гурвыг эдийн засгийнхаа гурван тулгуур хэмээн тунхагласан. Чухам энэ үеэс Хятад улс Японыг баримжаалсан гадаад худалдааны мерканталист бодлого баримталсан. Мерканталист гадаад худалдааны бодлого гэдэг нь энгийнээр багыг импортолж, ихийг экспортлох бодлого. Хэдийгээр өнгөрсөн хорьдугаар зууны эхний хагаст Хятадыг эзлэн түрэмгийлж байсныхаа хувьд Япон нь өмнөд хөршийн түүхэн дайсан мэтээр төсөөлөгддөг ч эдийн засгийн шинэчлэлийнх нь багш, түнш, үлгэр дуурайлал болсон юм. 2018 онд Дэнгийн өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй хаалганы бодлогын 40 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэх үеэр Ши Жинпин Хятадын хөгжлийн анд нөхөд хэмээн гадаадын 10 эрхмийг тодруулан “Найрамдал” медалиараа шагнахад Японы бизнесийн салбарыг төлөөлж Панасоник компанийг үндэслэгч Коносүкэ Мацушита, улс төрчдөөс нь Ерөнхий сайд асан Масаёши Охира нарыг нэхэн шагнасан.

            Хятадын өргөн хэрэглээний барааны бөөний үйлдвэрлэлийн менежмент, технологи, гадаад худалдааны маркетинг нь анхандаа Коносүкэ Мацушитагийн удирдлагын арга барил, ажиллах хэв маяг, төлөвлөлтөөс үлгэрлэсэн байдал ажиглагддаг. 1978 – 2019 оныг хүртэлх Хятадын үйлдвэрүүд бага цалин, ажлын урт цагийг эрхэмлэж, ажилчид нэг үйлдвэртээ тогтвортой ажиллаж, зарим бүс нутагт хэд хэдэн тосгод зөвхөн нэг л бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүхэл бүтэн хотууд нийтлэг нэг төрлийн барааны хар зах болж цамцны товч, үсний боолт, хувцас, хүүхдийн тоглоомыг ширхгээр биш килограммаар тооцон арилжиж, электрон бараа, тавилга хэрэгслийг тонн тонноор нь экспортолж, ложистикийн аварга сүлжээ нь далай, төмөрзам, автозам, онгоцоор дэлхийн өнцөг булан бүрт хүргэнэ.

 Үргэлжлэл бий. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна