Судлаач Б.Дашравдангийн "СОЦИАЛИЗМААС УХАРСАН КАПИТАЛИСТ ХЯТАДЫН, КАПИТАЛИЗМААС УХАРСАН ХХ ИХ ХУРАЛ" нийтлэлийг цувралаар хүргэж байна. Өмнөх нийтлэл энд дарж уншина уу
ХКН-ын 20-р их хурлаар экспортын баримжаатай эдийн засгийн бодлогосоо татгалзав
Хятадын эдийн засгийн тоймыг уншихад гадаад худалдаа, хувийн хөрөнгө оруулалт, эцсийн хэрэглээний ДНБ-д оруулах хувь хэмжээг заавал дурьддаг.
ХКН-ын 20-р их хурлын өмнө Хятадын төрийн зөвлөлийн зөвлөх Шиа Бин эдийн засагтаа үүсээд буй асуудлын талаар нийтлэл бичиж хэвлүүлэхдээ Орос – Украйны дайн болон 2017 онд эхэлсэн Америк – Хятадын худалдааны дайныг гол бэрхшээлээр нэрлэсэн. Тэрээр Хятадын эцсийн хэрэглээний ДНБ-д оруулах хувь 2014 онд 56,3% байснаа 2021 онд 65,4% болж, бараг 10 нэгжээр өссөн бол 2022 оны эхний улиралд 69.4 хувьд хүрснийг мэдээлэв. Эцсийн хэрэглээний ДНБ-д оруулах хувь нэмэр өссөөр байгаа нь тус улсад экпортын чиг баримжаатай эдийн засгийн загвараас татгалзах боломж олгож буйг дурьджээ. Энд 18 их наяд давсан ам.долларын 70 хувийн тухай яригдаж буй. Их Британи, Америк, Канад, Австрали, Шинэ Зеландын хүн амыг нийлүүлснээс их дундаж давхаргынхаа худалдан авалтад найдсан эдийн засгийн бүтцийг бүтээхээ Хятадууд зарлав.
Өмнөд хөршиийн хувийн хөрөнгө оруулалтын хувь сүүлийн 10 жилд тогтмол буурсан ч нийт хөрөнгө оруулалтын 50 гаруй хувийг эзэлж байгаа. Дотоодын хувийн хэвшил, иргэдийн эдийн засагт итгэх итгэлийг нэмэгдүүлбэл дээрх дүн өсөх боломжтой гэж үзжээ.
Хувийн хөрөнгө оруулалтын жилийн өсөлтийн хурд нь 2014 онд хоёр оронтой тоогоор 15.8% -иар өссөний дараа 2015 онд 8.8%, 2016 онд 2%, 2020, 2021 оны 2 жилийн дундаж нь 4% -иас бага, 2022 оны эхний хагаст 3.5% болсон. Энэ оны эхний хагас жилийн нийт хөрөнгө оруулалтын өсөлт 6.1% байгаатай харьцуулахад дээрх тоо харьцангуй бага байгаа нь тэг ковид бодлоготой холбоотойг эдийн засагчид ил өгүүлэх болов. Хөрөнгө оруулалт буурахад татварын орлого буурч ДНБ-ий өсөлтийн хурд саарч, ажилгүйдэл өсдөг. Хятадын татварын орлогын 50%, ДНБ-ын 60%, хөдөлмөр эрхлэлтийн 80%-ийг хувийн хэвшил бүрдүүлж байгаа.
Иймд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа нь хувийн аж ахуйн нэгжүүд оршин тогтнох эсэх, бизнес эрхлэгчид хэр их мөнгө олох тухай хэсэгчилсэн асуудал биш, харин үндэсний татвар, ажил эрхлэлт, өрхийн хэрэглээнд шууд нөлөөлж, тогтвортой байдалд нөлөөлж буй дэхийн хэмжээний асуудал болоод байгааг бичжээ. Зах зээлийн итгэлийг сэргээхэд гажуудсан институцийг засах шаардлагатай гэнэ.. Үүнээс үзэхэд ирэх 6 сарын дотор Хятадын засгийн газраас дотоодын хөрөнгө оруулалт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээр их хэмжээний хөнгөлөлтэй зээл олгож, хятад хэрэглэгч рүү хандсан үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны салбарт хөрөнгө оруулсан тохиолдолд төрөөс дэмжлэг үзүүлж, хяналт шалтгалт зэрэг төрийн хүнд суртлын дарамтыг багасгах алхам хийхээр байна.
2022 оны гуравдугаар улирлын дүнгээр Хятадын бараа бүтээгдэхүүний импорт, экспортын нийт хэмжээ есдүгээр сард 560,77 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 8,3 хувиар өсчээ. Үүнээс экспортын өсөлт үргэлжлэн 322,76 тэрбум ам. доллар хүрч, өмнөх оныхоос 10,7 хувиар өссөн байна. Гэсэн хэдий ч өмнөө өгүүлсэнчлэн эдийн засгийн гурван тулгуурт бодлогын экспортыг баримжаалсан бодлогоо эргэн харах тул экспорт дээр суурилсан үйлдвэрлэлийн дэмжлэг буурч, илүү дотоодын зах зээлд чиглэсэн үйлдвэрлэл, худалдааны бодлого хэрэгжинэ. Энэ нь хятадын экспортын хэмжээ тоон утгаараа буурахгүй, жил ирэх тусам өсөх ч эдийн засгийн гол хөдөлгөгч хүч байхаа болино гэсэн үг.
Хятад улс 2022 оны байдлаар гадаадаас 238,01 тэрбум ам.долларын бараа худалдаж авсны дотор эрчим хүчний түүхий эдээс гадна тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн, цахим хэрэгсэл, электрон бараа, брэндийн хувцас, мах, хүнсний өргөн хэрэглээний зүйлс дийлэнх хувийг нь бүрдүүлжээ. Дотоодын эрэлт сул байгаагаас импортын өсөлт удааширсан гэх боловч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7,4 хувиар өсчээ. Импортоор гадагшилж буй мөнгөн урсгалаа дотоодын худалдан авалтад зарцуулахаа ч мөн хэлэлцэв.

Одоогоор Хятадын хамгийн том худалдааны түнш нь АСЕАН-ы бүс нутаг хэвээр байж 2022 оны 3-р улирлын нийт импорт, экспортын 15,1 хувийг бүрдүүлжээ. Мөн хугацаанд Хятадын тус бүс нутагтай хийсэн худалдааны ашиг 93,4 хувиар нэмэгдэж, 104,5 тэрбум ам.долларт хүрэв.
Европын холбоо 586,6 тэрбум ам.доллараар Хятадтай хоёр дахь том худалдааг хийж нийт импорт, экспортын 13,6 хувийг эзэлсэн бол АНУ 331,5 тэрбум ам.доллараар Хятадын хамгийн том экспортын зах зээл, худалдааны гурав дахь том түнш гэх байраа хадгалжээ. Харин Америкаас оруулах импорт нь ердөө 1,3 хувиар өсөв. Америктай хийсэн худалдааны ашиг 14,2 хувиар тэлж 287 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Өмнөд Солонгос нь Хятадын дөрөв дэх том худалдааны түнш бөгөөд нийт импорт экспортын 5,8 хувийг бүрдүүлдэг. Өмнөд Солонгос руу хийсэн экспорт 16,5 хувиар өссөн бол импорт ердөө 0,6 хувиар өссөн байна. 2022 оны есдүгээр сарын байдлаар Хятадын Өмнөд Солонгостой хийсэн худалдааны ашиг 34,2 хувиар буурч, 28,66 тэрбум ам. доллар болжээ. Сүүлийн үеийн дүн шинжилгээгээр хоёр талын алдагдал нь Хятадын COVID-19-ийн дүрэм журмаас шалтгаалан буурсанд Сөүл тааламжгүй хандаж буй.
Дээрх тоо баримтуудаас харахад хэдийгээр АСЕАН Хятадын хамгийн том худалдааны түнш боловч сүүлийн жилүүдэд Америкийг стратегийн түншээрээ сонгосон нь Хятад улс гадаад худалдааны хувьд Ази дахь Америкийг баримтлагч улсууд ба Барууны орнуудын эрх ашиг, нөлөөлөлд бүслэгдэх нөхцлийг үүсгэв.
Хятад цаашид экспортын баримжаатай эдийн засгийн бүтцээ өөрчлөхгүй бол Тайваний асуудлаас шалтгаалж Америк ба Барууны орнуудын хориг арга хэмжээнд орвол эдийн засаг нь сууриараа ганхах аюул бий. Ойрын жишээ нь ОХУ Украйнтай дайн өдөөснийхөө хувьд дан ганц байгалийн хий, нефть, нүүрсний экспортоос хамааралтай эдийн засаг нь олон улсын хориг арга хэмжээнээс шалтгаалж хүнд байдалд ороод байгаа.
Хятадын бас нэг онцлог нь ХКН-ын их хурал дээр аливаа бодлогыг зарладаг ч, тэрхүү бодлого нь харьцангуй өмнө нь хэрэгжиж эхэлсэн байдаг. Хятадууд намын 20-р их хурлаараа экспортыг баримжаалсан бодлогоосоо татгалзсанаа илэрхийлсэн ч тэрхүү бодлого өмнөх 19-р их хурлын дараа 2017 оноос хойш хэрэгжиж эхэлснийг илтгэнэ. Цаашид Хятад улс дотоодын худалдан авалт, хөрөнгө оруултад найдсан хоёр тулгуурт эдийн загийн бодлого баримтлахаар тогтов.
Үргэлжлэл бий.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!