#ШУУД: УИХ-ын нэр бүхий гишүүд төсвийн шинэчлэл сэдвээр мэдээлэл хийж байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга

Г.ТЭМҮҮЛЭН:

- Төсвийн шинэчлэлийн хүрээнд УИХ-ын гишүүд сүүлийн 4 сарын хугацаанд судалгаа хийж, дөрвөн том бодлогын хүрээнд хуулийн төсөл боловсрууллаа. Энэ хүрээнд  төсөв санхүүтэй холбоотой 14 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Нийт УИХ-ын гишүүн 31 гишүүн гарын үсэг зурж дэмжсэн. 

- 2023 оны төсвийг батлахад УИХ-аас олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Мөн сүүлийн 4 сарын хугацаанд 200 орчим эрдэмтэн, судлаачдын хөндсөн  болон сүүлийн 10 жилийн хугацаанд иргэдийн ярьсан асуудлуудыг  багтаасан. Мөрөөдлийн жагсаалт гэж хэлж болох асуудлуудыг Төсвийн шинэчлэлийн бодлогод багтаасан. Ингэхдээ ирээдүйн өв сангийн хуримтлалыг төсвийн орлогоос бодитоор бий болгох, өр зээлгүй төсөв баталдаг болох, зардлын асуудалдаа цэг тавьж, цаашид өр зээлийн хязгаарт тавьж, тогтвортой байдлын тухай хуульд гар хүрдэггүй байх зохицуулалтуудыг оруулснаараа онцлог. 

С.ОДОНТУЯА:

- Сүүлийн олон парламент төсвийн шинэчлэл хийх талаар яригддаг байсан ч гишүүд тойрогтоо тааруулж, төсвийг өөрчилдөг байсан. Төсөв ард иргэдэд ээлтэй байх ёстой. Гэвч хяналт хариуцлагын тогтолцоо муу байгаагаас нүүрсний хулгай гэх мэт хэргүүд гарсаар байна. Төсвийн шинэчлэл хийхгүйгээр эдийн засгийн байдал сайжирна гэдэг бол өрөөсгөл ойлголт. Сүүлийн 10 жил төсөв нь нэмэгдээд байгаа хэр нь эдийн засаг нь 10 их наядад гацчихсан. 

Т.ДОРЖХАНД:

- Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг 13-14 дахин өссөн бол төсөв нь 55 дахин өссөн байна. Хамгийн том санхүүжүүлэгч зөв байна уу, хөгжлийг дэмжиж байна уу, ирээдүйг санхүүжүүлэх боломжтой гэдэг асуултад бүгд боломжгүй гэж байна.Тиймээс шинэчлэл ярихаас өөрцгүй болсон.  Жил болгон төсвийн хүрээгээ өөрчилдөг, тодотгол хийдэг. Зарим жил бүр 2 удаа тодотгосон байдаг. Жил болгон тогтвортой байдлын үзүүлэлтүүдээ төсөвтөө зориулж хөнддөг. Төсвийн тогтвортой бус халамжийн төсөв болж хувирсан. Мөн хуримтлал үүсгэдэг бус өр үүсгэдэг төсөв болсон.