Хаврын чуулган эхэлснээс хойш парламентын байнгын үйл ажиллагаа бүр мөсөн алдагдсан. УИХ-ын гишүүд иргэдээ санасан сэтгэлээр тойрогтоо ажиллаад төрийн ордон зүглэх завгүй болцгоосон. Тэд ажлаа тайлагнах нэрийдлээр тойргоо усалж, илт давуу байдлаар эртнээс сонгуульд бэлдээд эхэллээ.
Тэр дундаа МАН-ын гишүүд нэр дэвших мандат авахаар улайрцгааж тойргоо булаацалдан далдуур улаан зодоон болж байна. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банк, Нүүрс, ЖДҮ, БЗС гээд эдгээр хэрэгт ил цагаан нэр холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарласаар ирсэн.
Гэтэл Хөгжлийн банкны 33 тэрбумын хэрэгт улаан цайм холбогдсон Х.Ганхуяг гишүүн ил цагаан сонгуульдаа бэлдэж, Баянгол дүүргийн бүх Өрхийн эрүүл мэндийн төвд автомашин, тоног төхөөрөмж, сургууль цэцэрлэгийн багш нарт компьютер гээд хаа сайгүй юм гардуулаад явна.

УИХ-ын гишүүд яг энэ цаг үед гэнэт сэрж төсвийн хөрөнгөөр нэгэнт очих ёстой юмыг өөрөө хувиасаа гардуулж буй мэт сонгуулийн сурталчилгаа хийж байгаа нь сонгуулийн хуулийг зөрчиж байгаа үйлдэл биш шүү? Хөгжлийн банкны хэргээрээ намаасаа нэр дэвших мандатаа авах эсэх нь хамгийн эргэлзээтэй байгаа Х.Ганхуяг гишүүн БГД-т дахин горилж, сургууль цэцэрлэгийн багш нарт компьютер тараагаад явж байгаа нь тэдний саналыг худалдаж авах хэлбэр мөнөөсөө мөн баймаар.
Дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 20 гаруй ерөнхий боловсролын сургуульд нийт 3000 гаруй багш ажилтан ажилладаг. Мөн төрийн өмчийн 40 орчим цэцэрлэгт 1100 гаруй багш ажилтан ажилладаг гэсэн статистик мэдээ бий. Тэгэхээр энэ тооны хүмүүсийн саналыг худалдаж авах үйл явдал өрнөөд байна гэсэн үг. Түүнтэй адилхан хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Г.Амартүвшин гишүүн ингэтлээ улайрч харагдахгүй байхад Х.Ганхуяг гишүүн та ичих хэрэгтэй.
СЕХ энэ мэт сонгуулийн хууль зөрчиж буй УИХ-ын гишүүдийг анхааралдаа авахыг хүсье. Саяхан сонгуулийн хууль зөрчсөн хэргээр БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат баруун аймгуудад ЗГ-ын мөрийн хөтөлбөр танилцуулж нэрээ татуулсан байдаг. Харин сурталчилгаа эхлээгүй байхад илт давуу хууль зөрчиж УИХ-ын гишүүд сайд нараа анхааралдаа авна уу...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна