МАН-ын жагсаалтыг чимсэн эмэгтэйчүүд

Админ
2024/05/22

УИХ-ын 2024 оны сонгууль холимог тогтолцоогоор явагдахаар хуульчлагдах үед иргэд яг үнэндээ улс төрийн намуудаас ихийг хүлээгээгүй. Итгэл нь алдарсан иргэд “Нөгөө л нэг улиг болсон улстөрчидөө жагсаачихна, улс орныхоо төлөө бус УИХ-ын танхимд жигдэж суух сонирхолтой  “гарууд” ямар ч хор найруулж мэднэ” хэмээн толгой сэгсэрч суугаа харагдсан. Гэхдээ ялангуяа Ардчилсан намын гишүүд, дэмжигчид намынхаа удирдлагуудыг өөр арга барилаар ажиллаж, ирэх сонгуульд ялалт байгуулахыг хүсэж байсан нь лавтай. 

Харамсалтай нь тус намыхан гишүүдийнхээ итгэлийг алдаж, залуучуудынхаа сэтгэлийг мохоолоо. Уг нь намын жагсаалтын цаад утга учир нь мэдлэг чадвартай ч улстөрийн дэмжлэггүй нийгмийн төлөөллүүдийг УИХ-д оруулах. Гэтэл АН-ын дарга Л.Гантөмөрөөс эхлээд л тойрогт өрсөлдөхөөс зугтааж, жагсаалтаа тэргүүлсэн бол түүний араас УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн гэгчлэн улстөрд бараг “тавилга” болсон хүмүүс бичигдэж, залуучууд болон нийгмийн төлөөллүүдийнхээ боломжийг хулгайлжээ. АН-ын жагсаалтын паян үүгээр дууссангүй. ҮБХ-ынхоо шийдвэрийг зөрчиж, нэр хулгайлах, хавчуулах зэрэг бусармаг үйлдлүүд гарсныг гишүүд нь эсэргүүцсээр байна. 

Ийнхүү АН-ынхан “алалцаж” байх хойгуур МАН-ынхан нийгмийн сэтгэлзүй, шаардлагыг мэдэрсэн жагсаалт гаргасанд иргэд ам сайтай байна.

Тус намынхан УИХ-ын гишүүн болон Засгийн газрын сайдуудаа тойрогт хуваарилж, жагсаалтад цэвэр нийгмийн төлөөллүүдээ оруулжээ. Хуульд жагсаалтад бичигдэх хүмүүсийг хүйсийн тэгш  байдлыг хангахаараа зүйлчилсэн. Тиймээс МАН-ынхан эмэгтэйчүүдийнхээ холбоо буюу Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооныхоо жагсаалтаар нэр дэвшсэн өндөр боловсролтой эмэгтэйчүүдийг багтаасан нь гишүүдийнхээ талархалыг хүлээгээд байна.

Тухайлбал, жагсаалтын 4-рт эрэмбэлэгдсэн О.Саранчулуун нь Италийн Трентогийн Их сургууль, АНУ-ын Колумбиагийн Их сургууль, Израйль улсын их сургууль зэрэгт магистр, докторант хамгаалсан бол  жагсаалтын 8-рт эрэмбэлэгдсэн М.Мандхай нь Их Британи улсад бизнес, аялал жуучлалын чиглэлээр төгссөн, НҮБ болон Оюутолгой зэрэг дэлхийн томоохон компаниудад ажиллаж байжээ. Түүнчлэн 12-рт бичигдсэн А.Ариунзаяа нь ХБНГУ-ын Ханноверийн их сургуулийг төгссөн бол 14-рт бичигдсэн Б.Хэрлэн нь ХБНГУ-ын Постламын Их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны доктор, Удирдлагын академи, Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн дэд профессор аж. 

МАН-ын жагсаалтыг чимэж буй Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны жагсаалтаар дэвшсэн эмэгтэйчүүдийг танилцуулж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна