Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогттой ярилцлаа.
-Нийслэлийн Ардчилсан нам Шинэ намтай хамтарч сонгуульд орохоор болсон байна. Яагаад ийм шийдвэр гаргах болсон юм бэ?
-Саяхан зургадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болж өнгөрсөн. Сонгуулийн дараа хот дээрх санал хураалт хэрхэн явж өнгөрөв. Намууд болон нэр дэвшигчид ер нь ямар санал авав гээд судалгаа, дүгнэлтийг хийсэн. Нийслэлд 2016 оноос хойш ялалт байгуулж, эрх бариад байгаа МАН хотын хэмжээнд дээд тал нь 30 хувийн санал л авч байсан. Саналаа өгч байгаа хүмүүсийн 30 хувь гэдэг бол маш бага тоо. Гэтэл дангаараа засаглаад байдаг. Ардчиллыг дэмждэг, ардчилсан үзэл баримтлалтай 70 хувь цаана нь байна шүү дээ. Эдгээр хүмүүсийн хүсэж мөрөөдөөд байгаа хөгжил дэвшил, хүнээ бодсон, хүний эрхийг дээдэлсэн ирээдүйн төсөөлөл байхгүй байна. Тийм болохоор ардчилсан үзэл баримтлалтай намууд энэ 70 хувиа хуваачихаад байгаа юм. Тэгэхээр үүн дээр үндэслээд бид хэд уулзаж, санал солилцсон. ШИНЭ намаас нийслэлд нэр дэвших маш сайн хүмүүс байна. Тэр хүмүүст намынхаа дүрмийг танилцуулаад, журмын дагуу намдаа элсүүлээд хотод нэр дэвших эрхийг нь өгсөн. Түүнээс биш намууд орон нутгийн сонгуульд эвсэж, нийлж орох боломжийг эрх баригч нам зургадугаар сарын 25-нд хаачихсан.
-Тэр юу гэсэн үг вэ?
-МАН-ын боловсруулсан хуулийн хүрээнд бид энэ эрхээ хязгаарлуулчихсан. Ид сонгуулийн өдрүүдтэй зэрэгцээд намууд эвсэх боломжийг тэд хаасан. Тийм учраас бидэнд байгаа сонголт ердөө л энэ. Үгүй бол Ардчилсан нам дутуу нэр дэвшүүлээд үлдсэн дээр нь бусад намууд хүнээ дэвшүүлэх боломжтой. Гэтэл ингэсэн тохиолдолд сонгогч нар маань ойлгож саналаа өгч чадахгүй. Дээрээс нь санал авах өдрийг дахиад л баасан гарагт тааруулсан. Баасан гарагт хүмүүс агаар салхинд гардаг. Сонгогчид хотоос гараад явчихдаг гэдгийг тэд тооцоолоод байна. Өнөөдөр МАН халамжаар бүх сүлжээгээ барьдаг.
Халамжийн сайд нь МАН-аас томилогдсон. Ардчилсан намын гишүүдийг тэгээд халамжаасаа хасдаг. энэ бодитой гэдгийг бүгд л мэдэж байгаа. Ард түмнээ ядуу байлгаж байгаад төрөөс халамж өгсөн нэрийдлээр тэднийг барихыг оролддог.
-Төрийн албан хаагчид сонгуулийн дүнд маш том нөлөө үзүүлдэг гэдэг?
-Одоо хэдүүлээ үүнийг бүр орхиё. Энэ бол МАН-ын бодож олсон арга заль. Төрийн албан хаагч нам бус байх ёстой гэдэг. Гэвч амьдрал дээр ийм биш гэдгийг бүгд л мэддэг. Өнөөдөр төрийн албан хаагчдыг ажлаар нь барьцаалж, дарамталж байгаад зохион байгуулалттайгаар командалж, сонгуульд ажиллуулдаг. Алдарт “60 тэрбумын схем” гэж байгаа шүү дээ. Төрийн албыг намын схемд оруулчихсан. үнэнийг нь ингээд ярьчихаар биднийг барих юм уу, хорих юм уу. Өөрсдийнхөө үгэнд ороогүй заримыг нь өнөөдөр барьж, хорьж байгаа нь үнэн биз дээ. Татварын дарамт үзүүлдэг. Ер нь ардчилсан нийгмийг бид 1990 онд сонгосон. Гэтэл зүүний үзэл баримтлалтай нам ардчилсан нийгмийг удирдаад байгаа нь зүйд нийцэх юм уу. Нийцэж байсан бол бид өнөөдөр сайхан амьдарч байх ёстой биз дээ.
-Нэр дэвшигчдэдээ ямар бодлого, шалгуур барьсан бэ?
-Нийслэлийн тойргийг МАН маш том болгосон. ингэж том болгосноор найман жил хулгай хийгээд түнтийтлээ баяжчихсан дарга нар нэр дэвшихэд ямар ч асуудалгүй. Тэд мөнгөтэй учраас элдэв зардалд санаа зовохгүй. Тойрог томрох тусмаа л том зардал гарна. Өнөөдөр мөнгөтэй хүн хаана байна гэвэл төрд л байна шүү дээ. Бизнес хийж байгаа хүмүүсээсээ баян төрийн албан хаагчтай болчихсон. Манай улсын авлигын индекс сүүлийн жилүүдэд маш өндөр байгаа. Үүнийг нь олон улсын байгууллагууд гаргаад тавьчихсан. УИХ-ын сонгуулийн хамгийн том тойргийн зардал нь 970 сая төгрөг гэсэн байна лээ. Гэтэл насаараа төрд ажилласан маш олон хүн сонгуульд нэр дэвшсэн. Тэд яаж ийм их мөнгийг гаргаад сонгуульд өрсөлдөөд байгаа юм. харин манай намын хувьд гэвэл үйл ажиллагаа нь ч тэр, хэрүүл нь ч тэр нээлттэй, ил тод байдаг. Гишүүд нь ч гэсэн нэг хүнээр удирдуулаад дуугай сууж байдаг хүмүүс биш. Нам гэдэг Ардын нам шиг ярс хийтэл гар өргөдөг зүйл биш шүү дээ. Үзэл санааны нэгдэл дээр бий болдог, олон ургалч санаа гардаг зүйл. энэ ч утгаараа манайх нэр дэвшилт дээрээ нээлттэй байсан. Олон ч хүнд урилга өгч, санал тавьсан. Ажил хийх хүн бол туршлагатай, мэдлэгтэй, боловсролтой, сэтгэлтэй байх ёстой. харин ард түмний төлөөлөгч бол шударга, дуу хоолой байх хэрэгтэй. Манай нам дандаа ард түмний дуу хоолой болох буюу иргэдийн хурлын танхимд иргэдээ төлөөлж дуугарах хүмүүсийг нэр дэвшүүлсэн. Ардын нам болохоор боловсролтой хүмүүсийг нэр дэвшүүлсэн гээд байна лээ. Тэгвэл манай нэр дэвшигчид ч гэсэн бүгдээрээ л мэргэжил, боловсролтой.
-Нийслэлийн Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй орж байна вэ?
-Мөрийн хөтөлбөр дээр манай доктор, профессор, эрдэмтэн судлаачид сууж боловсруулсан. Багийн ахлагч нь Монгол Улсын зөвлөх инженер н.Батболд доктор байгаа. Өнгөрсөн 2012-2016 онд нийслэлд манай нам засаглаж байхад Улаанбаатар хотын 32 уулзварыг шинэчилж зохион байгуулах ажлыг хоёрхон сарын дотор хийсэн хүн байгаа юм.
-Нийслэлд ялалт байгуулсан тохиолдолд ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
-Манай Ардчилсан намын нийслэлд нэр дэвшүүлсэн багийг сайн хараарай. инженерээр удирдуулсан “Ард түмний төлөөлөл” баг байгаа. Би өөрөө инженер хүн. Нийслэлийн ИТХ-д найм дахь жилдээ сууж байгаа. Би асуудалд яг тооцоо судалгаатай ханддаг. энэ саналаа хэлэхээр эрх баригчид бухимддаг. Манай эрдэмтэн судлаачид мөрийн хөтөлбөр дээр ажилласан. хамгийн гол нь бид хүүхдүүд гэж үзсэн. Дэлхий нийтээрээ хүүхдэд ээлтэй, хүүхдийн стандартад нийцсэн хотыг бий болгохоор ажиллаж байна. Тиймээс манайх ч гэсэн ийшээ л явах ёстой. Улс хөгжье гэвэл хүнээ хөгжүүлье гэдэг. харин хүнээ хөгжүүлэхийн тулд хүүхэд байхаас нь анхаарал хандуулах ёстой. Манай улсад одоогоор 0-18 насны 1.3 сая орчим хүүхэд байна. энэ хүүхдүүд сонгуульд санал өгдөггүй учраас шийдвэр гаргах түвшинд хүүхдийн асуудал тэр бүр хөндөгддөггүй. Ардчилсан нам “хүүхдийн мөнгө” гэдгийг санаачилаагүй бол өнөөдрийг хүртэл хаягдсан хэвээрээ л байх байсан. үр шимийг нь манай хүүхдүүд хүртээд явж байгаа. Гэтэл МАН сүүлийн жилүүдэд үүнийг халамж гэж тайлбарласан. Уг нь энэ чинь халамж биш, хүн ам зүйн бодлого байхгүй юу. Бид хоёр том хөршийн дунд байгаа хүн ам багатай жижиг улс. Тиймээс хүн амаа өсгөх ёстой. Тусгаар улсаа ингэж байж хамгаална. Дэлхийн бусад орнуудад ч ийм бодлого байдаг. Түүнээс энэ бол халамж биш.
-Та хэд есдүгээр сарын 1 гэсэн хуулийн төсөл санаачилж байна гэж байсан. Үүнтэй холбоотой юу?
-Манай хэвлэл мэдээллийнхэн энэ хуулийн төслийг сайн сурталчилж өгөх хэрэгтэй. Бид Уих-ын гишүүдээрээ дамжуулаад ийм хуулийн төсөл санаачилж байгаа. Өнөөдөр бид өөрсдийнхөө хүүхдүүдийг нэг өнгийгөөд харах хэрэгтэй. Бие бялдар муутай, өвчлөл их, хорт зуршилд донтох нь ихэсч байна. Өнөөдрийнх шигээ бид байгаад л байвал 20 жилийн дараа маш хэцүү ирээдүй биднийг тосч байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дээр хэлсэн хуулиараа бид хүүхдийн хөгжлийн карт гэж гаргахаар болсон. үүгээрээ хүүхдүүд хүссэн урлаг, спорт, хичээлийнхээ дугуйланд суух боломжтой болно. Багшаа сонгоод хичээллэхээр багшид нь төрөөс урамшуулал орно. Өнөөдөр боломжтой айлын хүүхдүүд л дугуйланд хамрагдаж байна. Тэгвэл бид хүүхдүүдээ төрөөс ингэж бодлогоор хамруулна. Бидэнд ирээдүйд зөв хүн хэрэгтэй. зөв болгохын тулд хүүхэд байхаас нь дэмжих ёстой юм. ингэж хүүхэд хөгжлийн карт гаргахад бидэнд сард ердөө 30 тэрбум төгрөг хэрэгтэй. Бидэнд мөнгө нь хангалттай байгаа. эрх барьж байгаа намынхан 40 их наядаар нь идэж болоод байхад бид хүүхдүүддээ яагаад өдий хэмжээний хөрөнгө гаргаж болохгүй юм л гээд байгаа юм. Тийм болохоор хүүхдэд ээлтэй хотыг бий болгоно. Бүх стандартыг хүүхдэд ээлтэй байдлаар сайжруулна.
-Та ярианыхаа төгсгөлд юу хэлэх вэ?
-Энэ хэдэн хулгайч нараасаа салъя. Бид дөрвөн жил тутамдаа нэг дүн тавьдаг. Одоо зөв дүнгээ тавьцгаая. Залуучууд маань сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Та бүхний ирээдүйг шийдэх хамгийн чухал сонгууль шүү. Орон нутгийн сонгуулийг эрх баригчид ирцгүй болгочихсон. Тийм ч болохоор баасан гаригийг сонгосон. Та бүхнийг санал өгүүлэхгүй байх бүх л аргыг хэрэглэж байгаа шүү. Тийм болохоор идэвхтэй оролцоод дүнгээ тавиад өгөөрэй л гэж хэлмээр байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна