2393 тойргийн 8031 мандатын төлөө өрсөлдөнө
Шийдвэр гаргах түвшинд хамгийн ойроос оролцох боломжийг бүрдүүлэх төлөөлөгчдийг сонгох орон нутгийн сонгууль болоход нэг сар гаруйн хугацаа үлдлээ. Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны сонгуулийг аравдугаар сарын 11-ний баасан гарагт товлосон. Санал хураалт тухайн өдөр Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цагийн хооронд болно.
Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг 2020 онд хэрэгжүүлсэн хуулийн дагуу мажоритар тогтолцоогоор явуулж байгаа. Улсын хэмжээнд 2230 хэсгийн хороо байгуулсан бөгөөд 2393 тойрогт нэр дэвшигчид 8031 мандатын төлөө өрсөлдөнө. Тодруулбал, 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1642 тойрог 6922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай юм.
Одоогийн байдлаар 17400 нэр дэвшигч материалаа хүргүүлээд буй. Тэднийг нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг тухайн шатны сонгуулийн хороод өнөөдөр шийдвэрлэх юм.
Сурталчилгааны хугацаа 14 хоног
Бүсчилсэн том тойрогт 17 хоног сурталчилгаа хийсэн УИХ-ын сонгуультай харьцуулахад ИТХ-ын сонгууль сурталчилгаа хийх хангалттай хугацаатай. Нэр дэвшигчдэд есдүгээр сарын 26-нд үнэмлэх гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа 14 хоног үргэлжлэх бөгөөд хуулийн дагуу санал хураалт болохоос нэг өдрийн өмнө зогсооно. Тэгэхээр аравдугаар сарын 9-ний 23.59 цагаас өмнө сонгуулийн сурталчилгааг албан ёсоор зогсоох юм.
Хуульд заасны дагуу ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилго бүхий үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Мөн сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл, тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.
Тодруулбал, нэр дэвшигч
Ирц, саналын босгогүй ИТХ-ын сонгууль
Ирцийн босгогүй ИТХ-ын сонгуулийг хоёр дахь удаагаа явуулах гэж байна. 2020 онд анх удаа ирц, саналын босгогүй хууль баталж, орон нутгийн сонгуулийг явуулж байлаа. Тэгвэл энэ хуулиар зохион байгуулах 2024 оны сонгууль ирц, саналын босгогүй болно.
Өөрөөр хэлбэл, 30, 40 хүн сонгуульд оролцсон ч хүчин төгөлдөр болно гэсэн үг. Мөн 10, 20 санал авсан ч олонх бол ялсанд тооцно. Харин саналын тоо тэнцвэл нэмэлт санал хураалтыг долоо хоногийн дараа явуулах юм.
Хэсгийн хороодын 50 хувьд хяналтын тооллого явуулна
Санал хураалт дууссаны дараа хяналтын тооллого явуулдаг хуультай. УИХ-ын 2024 оны сонгуулиар хяналтын тооллогыг 100 хувь явуулж байсан бол орон нутгийн сонгуулиар 50 хувьд нь хяналтын тооллого хийнэ. Учир нь, орон нутгийн сонгуулийн хуулийг хуульд заасан хугацаанаас өмнө өөрчилж амжаагүй учир ийнхүү өмнө нь хэрэгжсэн хуулиар зохион байгуулж буй.
Хяналтын тооллого хийхдээ хэсгийн хороодыг түүвэрлэн сугалах аргаар сонгодог. Мөн энэ жилээс хяналтын тооллогыг олон нийтэд нээлттэй явуулах боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой юм.
Зөрчлийг хууль хяналтын байгууллага шийдвэрлэнэ
Сонгуулийн зохион байгуулалттай холбоотой зөрчлийг Сонгуулийн ерөнхий хороо, бусад хэрэг зөрчлийг хууль, хяналтын байгууллага шийдвэрлэнэ. Хэрвээ Эрүүгийн хуулийг зөрчсөн тохиолдолд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих шийтгэл ногдуулна. Түүнчлэн Сонгуулийн хуулийг зөрчсөн бол нэр дэвшигчийн нэрийг жагсаалтаас хасах арга хэмжээ авна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна