“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Улсын Их Хурлын чуулганы Пүрэв гарагийн (2024.11.14) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэж, Байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар төслийг батлах санал хураалтыг явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 104 гишүүний олонх “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжсэн.

Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дүгээр зүйлийн 46.1.3-т заасны дагуу баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсов. Тухайлбал, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлж, батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолууд, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулиуд, “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нэгдсэн хуралдаанд танилцуулсан гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.