Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа болон бусад удирдлагууд Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн сэтгүүлчидтэй уулзаж, Банкны 2030 он хүртэлх стратеги, цаашдын зорилт болон Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Өнгөрсөн  хугацаанд Хөгжлийн банк нийт 7.6 их наяд төгрөгийн зээл олгосон бөгөөд үр дүнд нь

•   Цахилгааны эрчим хүчний эх үүсвэрийг 312 МВт,

•   Дулааны цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг 348 МВт-аар нэмэгдүүлж

•   Цементийн үйлдвэрлэлийн хүчин чадал 3.3 сая тонноор өсөж,

•   Орон нутагт нийт 2,154 км

•   Нийслэлд 123 км авто замын барилга, өргөтгөл, шинэчлэл хийгдсэн.

Хөгжлийн банкны сонсгол болсноос хойш шинээр 232.0 сая ам.доллар, 420 сая юань, 488.0 тэрбум төгрөг босгож, Дорнод бүсийн эрчим хүчний систем төсөлд 420.0 юань, Газрын тос боловсруулах төсөлд 25.0 тэрбум төгрөг, Амгалан дулааны станцын өргөтгөлийн төслийг 56.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, стратегийн чухал ач холбогдолтой салбаруудыг дэмжин ажиллав.

Түүнчлэн 2022 оны нэгдүгээр сард банкны актив хөрөнгө 3.3 их наяд төгрөг байсан бөгөөд 67 зээлдэгчийн 3.2 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл байсны 1.8 их наяд төгрөг нь чанаргүй зээл байсан тухай мэдээлсэн. Харин Хөгжлийн банкны сонсгол болсноос хойш нийт 33 зээлдэгчийн 1.4 их наяд төгрөгийн зээл, хүү төлөгдөж, зээлээ хаасан бол 22 зээлдэгчийн 400.0 тэрбум төгрөгийн зээл, хүү төлөгдсөн.

2024 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Хөгжлийн банкны актив хөрөнгө 2,368.7 тэрбум төгрөг байгаа бөгөөд 33 зээлдэгчийн 2,276.8 тэрбум төгрөгийн зээлийн багцтай байна. Банк өөрийн хөрөнгийн зөрүүг нөхөхөд 700.0 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм.

"Энэ оны нэгдүгээр улиралд хамгийн үр ашигтай төслийг судалж, хөрөнгөө босгоно. Хөрөнгө босгох туршлага Хөгжлийн банканд байна. Бид энэ онд нийт 2 их наядын төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна"

Тиймээс цаашид нэн яаралтай санхүүгийн хүндрэлтэй байдлаас гарахын тулд балансаа цэвэрлэх буюу Засгийн газрын байгууллагууд, орон нутгийн болон төрийн өмчийн компаниудтай холбоотой нийт 805.7 тэрбум төгрөгийн зээл хүүгийн авлага байгааг Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд яаралтай барагдуулах шаардлагатай байгааг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа дурдаад “Бид 2025 онд хуулиа шинэчлэн батлуулж, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлж, урагшаа харж ажиллана. Энэ оны нэгдүгээр улиралд хамгийн үр ашигтай төслийг судалж, хөрөнгөө босгоно. Хөрөнгө босгох туршлага Хөгжлийн банканд байна. Бид энэ онд нийт 2 их наядын төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.

Цаашид хөгжлийн институтийн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллахын тулд Хөгжлийн банкны хууль эрх зүйн шинэчлэлийг сайжруулахаар хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан бөгөөд хуулийн төслийг боловсруулан ЭЗХЯ-д хүргүүлээд байгаа юм.

Хөгжлийн банк 2030 он хүртэлх стратеги зорилтуудаа шинэчлэн тодорхойлсон бөгөөд   

1.  Эдийн засгийг төрөлжүүлэн, тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд чиглүүлэх;

2.  Дотоодын санхүүгийн зах зээлийн хөгжил, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх;

3.  Экспортыг дэмжих санхүүгийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх;

4.  Ногоон хөгжил, тогтвортой санхүүжилт, инновац, дижитал шилжилтийг дэмжих;

5.  Хариуцлагатай засаглал, мэргэжлийн удирдлага хэрэгжүүлэх зорилтуудыг тусгасан.

Ийнхүү шинэ стратегийн дагуу ажилласнаар 2023 оны байдлаар ДНБ-д 3.5%-ийг эзэлж байгаа Хөгжлийн банкны активын эзлэх дундаж хувь хэмжээ 2030 онд 12.8% болж өсөх буюу 4.8 тэрбум ам.доллароос 11.9 тэрбум ам.доллар болж өснө гэсэн тооцооллыг гаргаад байна.