(2021.01.27-2025.01.27)
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ АНХ УДАА УРТААР ТӨЛӨВЛӨВ
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг баримт бичгийг батлуулсан.
“Алсын хараа-2050” нь анх удаа салбар бүрийн 1500 гаруй эрдэмтэн оролцож, 567 салангид баримт бичгийг нэгтгэсэн нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд Монгол Улсыг 2050 онд бүс нутгийн тэргүүлэгч орон болгох зорилт бүхий төлөвлөгөө юм.
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсоны дараа буюу 2021 оны 12 дугаар сард “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эхний 10 жилд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсүүдийг шийдвэрлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах, боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн сэргэлтийг хийх зорилт бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлуулав.
Монгол Улсыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх бодлогын баримт бичгүүд болох “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ууд өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн тулгуур хөтөлбөр болж байна.
ДЭЛХИЙН ШИНЭ СОРИЛТ КОВИДЫГ АМЖИЛТТАЙ ДАВЛАА
Дэлхий нийтийг Ковид-19 цар тахлын аюул нөмөрсөн, улс орнууд хил, гаалиа хааж, эдийн засаг, худалдааны эргэлт удааширсан үе буюу 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсон.
Энэ үед Монгол Улсад цар тахлын тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдсэн, хаалттай хилтэй, хатуу хөл хориотой, хаагдсан бизнес орчинтой, эдийн засаг -4.6 хувь болж буурсан байв.
Хамгийн түрүүнд Засгийн газраас иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд хүн амын зорилтот бүлгийн 90 хувийг вакцинжуулж, 40 мянган хүний амь насыг эрсдлээс хамгаалж, цар тахлыг хамгийн хохирол багатай буюу бусад орноос 1.3 жилийн өмнө амжилттай даван туулсан, хамгийн эрт хатуу хөл хориог цуцалсан дэлхийн улс орнуудын нэг болсон.
ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭВ
Засгийн газраас Ковид-19 цар тахлын үед Эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих, pепо санхүүжилт, ипотек, хөдөө аж ахуйн зээл олгож, нийт 71,339 зээлдэгчид 5.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгосноор цар тахлын үед 100.0 мянга гаруй ажлын байрыг хамгаалжээ.
Цар тахлын үед ард иргэдийн эрүүл мэнд, амьжиргааг хамгаалах, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2020 онд 4.6 хувиар агшаад байсан эдийн засаг 2021 онд 1.6 хувиар, 2022 онд 5.0 хувиар, 2023 онд 7.4 хувиар тус тус тэлж, бодит ДНБ-ий хэмжээ 2023 онд цар тахлын өмнөх түвшинд хүрч, уул уурхай, тээвэр, худалдаа, үйлчилгээний салбаруудын үйл ажиллагаа тэлж, эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлсөн байна.
Цар тахлыг даван туулахад иргэдэд үзүүлсэн дэмжлэг
- Хатуу хол хорионы дэмжлэг болгож иргэн бүрд 300 мянган төгрөг олгоход 1 их наяд төгрөг
- Хүүхэд бүрд сар бүр олгож байсан 20 мянган төгрөгийг нэмэгдүүлж, 100 мянган төгрөг болгоход 3.6 их наяд төгрөг
- Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгоход 630 тэрбум төгрөг
- Ажлын байрыг хадгалж, 3 хувь хүүтэй зээл олгоход 2.1 их наяд төгрөг тус тус зарцуулав.
- Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулалтад 63 мянган зээлдэгч хамрагдав
- Цахилгаан, дулаан, ус, сайжруулсан түлш, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд 5.3 их наяд төгрөг тус тус зарцуулав.
ХӨГЖЛИЙГ ХЯЗГААРЛАГЧ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ШИЙДЭХ ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Шинэ Сэргэлтийн бодлогыг зарлаж, 2021 оны 12-р сард УИХ-аар батлуулав. Шинэ сэргэлтийн бодлого нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эхний 10 жилд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсүүдийг шийдвэрлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах, боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн сэргэлтийг хийх зорилт бүхий бодлого юм.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр 2021 онд ДНБ 43.6 их наяд төгрөг байсан бол 2024 онд 82.4 их наяд төгрөг болсон. Нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4,657$ байсан бол 2024 онд 7,000$ болсон. Экспортын орлого 9.2 тэрбум$ байсан бол 2024 онд 15.9 тэрбум$ болсон. Төсвийн орлого 2021 онд 14.3 их наяд төгрөг байсан бол 2024 онд 31.3 их наяд төгрөг болж нэмэгдсэн.
БООМТЫН БООМИЙГ ТАЙЛАВ
Монгол Улсын экспорт, импортын бараа бүтээгдэхүүний эргэлтийг сайжруулах, тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтэд нийт 6 багц (43 төсөл) хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
2021-2024 онд боомтын сэргэлтийн хүрээнд экспортын төмөр замын 5 шинэ гарцтай боллоо.
Боомтын сэргэлтийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтууд:
- Тавантолгой-Зүүнбаян 416 км төмөр зам
- Тавантолгой-Гашуунсухайт 233.6 км төмөр зам
- Шивээхүрэн-Сэхэ 7 км төмөр зам
- Зүүнбаян-Ханги 226 км төмөр зам
- БНХАУ болон ОХУ-ыг холбосон баруун босоо тэнхлэгийн 745 километр авто зам баригдсан.
- Шивээхүрэн, Бичигт боомтуудын хүчин чадлыг сайжруулах, ачаа тээвэр, чингэлэг тээвэр, шилжүүлэн ачих терминал зэрэг төслүүд хэрэгжиж байна.
Боомтын боомийг тайлснаар Монгол Улс 2024 онд нийт 83.7 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд түвшнийг тогтоогоод байна.
ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТИЙГ РЕФОРМ БОЛГОЖ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ
Эрчим хүчний салбарт ДЦС-4, Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэн бөгөөд Амгалан ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар, Чойбалсан ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар тус тус өргөтгөжээ.
2023 онд 80 МВт суурилагдсан хүчин чадалтай том оврын батарей хуримтлуурын байгууламж суурилуулж, 220/110/35кВ-ын Сонгино дэд станцад холбов. Мөн 2024 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг ашиглалтад оруулж, Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон байна.
Засгийн газарт орсон намуудын төлөөлөл бүхий Эрчим хүчний үндэсний хороог байгуулж, эрчим хүчний салбарын бүтцийг задалж, зах зээлийн харилцаанд оруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг бүрдүүлж, эдийн засгийн хувьд орлогожсон салбарыг бий болгох реформыг хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ хүрээнд ирэх 4 жилд эрчим хүчний салбарын боомийг тайлах цогц реформыг хийж, Эрдэнэбүрэн, Бөөрөлжүүт, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил яригдсан төслүүдийг хэрэгжүүлнэ.
ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТЭД ЗОРИУЛЖ ОРОН СУУЦНЫ 3 ХУВИЙН ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙНА
"Шинэ сэргэлтийн бодлого" дунд хугацааны хөтөлбөрт "Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн хүрээнд хөдөө, орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг 3 хувь болгон хөнгөлж, урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг зээлийн батлан даалтын сангаар дамжуулж батлан дааж байна.
Мөн орон нутагт ажилласны нэмэгдлийг хөдөөгийн сум, тосгонд ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тус тус бодож, сар бүр олгож эхэллээ.
ЦАХИМ ҮНДЭСТЭН БОЛЛОО
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн үйлчилгээг цахимжуулах E-Mongolia системийг санаачлан эхлүүлэв. E-Mongolia систем нь 2024 оны жилийн эцсийн байдлаар:
- 1.95 сая хэрэглэгчтэй болж
- 87 Байгууллага,1263 үйлчилгээтэй болж
- 65 сая удаагийн амжилттай үйлчилгээ үзүүлж
- Лавлагаа, тодорхойлолт авах дундаж хугацаа 5 секундын үзүүлэлттэй байна.
2020-2024 онд E-Mongolia системийг ашигласнаар Монгол Улсын иргэдийн хэмнэсэн зардал:
- Нийт төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж, буцах тээврийн хэрэгсэлд гаргах зардал 81 тэрбум төгрөг
- Иргэн төрийн үйлчилгээ авахдаа зарцуулж буй хугацаанаас үүдэлтэй зардал 1.22 тэрбум төгрөг
- Цаасан бичиг баримтын зардал 5.8 тэрбум төгрөг буюу нийт 1.3 их наяд төгрөг болсон байна.
Цахим засаглалын хөгжлийн индекс
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас хоёр жил тутам шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2020 онд 193 орноос 92 дугаарт, 2022 онд 74 дүгээрт орж байсан бол 2024 оны 9 дүгээр сард шинэчлэгдсэн үзүүлэлтээр 46 дугаарт орж, өмнөх үзүүлэлтээс 28 байраар урагшиллаа.
Иргэдийн цахим оролцооны индекс
Иргэдийн цахим оролцооны индексээр 2024 оны байдлаар өмнөх оноос 20 байраар урагшилж, 193 орноос 37 дугаарт эрэмбэлэгдэж байна. Ингэснээрээ Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагтаа цахим шилжилтийн хамгийн эрчимтэй өсөлттийг үзүүлж буй улс болж байна.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН 49 ХУВИЙН ЛУЙВРЫГ ЗОГСООВ
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын нэг гол ажил нь авлигатай тэмцэх, шударга ёсны төлөөх тэмцэл байж ирсэн. Өнгөрсөн хугацаанд авлига, шударга ёсны төлөө 5Ш ажиллагаа хэрэгжүүлж, цахим ил тод байдлыг ханган, Эрдэнэтийн 49 хувь, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөг, Дубайн гэрээ, Хөгжлийн банк, Тавантолгойн нүүрсний ордыг тойрсон хулгай луйврын схемийг илчилж, Төрийн хэмнэлтийн хууль, Авлигын ялын бодлогыг чангатгах зэрэг олон ажлыг хийж, зохих үр дүн гаргаад байна.
2016 оны зургаадугаар сард буюу сонгуулийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувьчлахдаа УИХ-аар хэлэлцэлгүйгээр төрийн өмчийг хувийн хэвшилд шилжүүлсэн хуудуудтай луйврын схемийг илрүүлсэн. Луйврын “эзэд” зөвхөн “Эрдэнэт үйлдвэр”-ээр тогтохгүй “Монголросцветмет”, Багануур, Шивээ-Овоогийн уурхай, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн “Цемент шохойн үйлдвэр” зэрэг төрийн өмчит томоохон компаниудыг хүртэл концессын гэрээ нэрийн дор хууль бусаар луйвардаж авсныг хууль, хяналтынхан олж тогтоосон юм.
“Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн мэдэлд авах Засгийн газрын шийдвэр гарснаар тус үйлдвэр 2016 онд 145 тэрбум төгрөг татварт төлж байсан бол 2023 онд 2 их наяд төгрөг татварт төлж 11 дахин нэмэгдэв.
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-Д ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООЖ, НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ ИЛЧИЛЛЭЭ
Засгийн газрын авлигын эсрэг тэмцлийн хүрээнд Таван толгойн бүлэг ордыг үнэгүйдүүлсэн нүүрсний хулгайтай хийх тэмцлийг эрчимжүүлэн "Эрдэнэс Тавантолгой" компанид онцгой дэглэм тогтоож, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, биржийн худалдааг эхлүүлснээр Монгол Улс анх удаа Ковидын өмнөх үе буюу 2019 онд 36.6 сая тонн байсан үзүүлэлтээ ахиулж 2023 онд 69.6 сая тонн нүүрс экспортлов.
"Эрдэнэс Тавантолгой" компани 2023 онд анх удаа 6.6 их наяд төгрөгийн орлого олж, 3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар, Үндэсний баялгийн сан бодитоор бүрдэх эхлэл тавигдаж, нийт иргэдийн 1,072 хувьцаа анх удаа амилж, ногдол ашгаа хуваарилж эхлэв. Тус компанийн нийт экспортын орлого 2023 онд 14.9 тэрбум ам.доллар болсон нь Ковид-19 цах тахлын өмнөх үеэс 2 дахин их байв.
2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 их наяд төгрөгийн орлого олж, улсын төсөвт 3.4 их наяд төгрөгийн татвар төлж, 4.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна.
ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ДАМПУУРЛААС ГАРГАВ
Засгийн газраас дефолтын эрсдэлд орсон "Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэрэг"-ийг илчилж ил тод болгосноор Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдөж, Евро бондын 500 сая ам ам.доллар, Самурай бондын 200 сая ам.долларын өрийг Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, Монгол Улс 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс салав.
Засгийн газар “Чингис”, “Мазаалай”, “Гэрэгэ”, “Хуралдай” бонд болон гадаад зээлийн төлбөрийг төлөхөд 13.3 их наяд төгрөг зарцуулав.
ТУСГАЙ САНГУУДЫГ НЭЭЛТТЭЙ БОЛГОВ
Засгийн газраас УИХ-тай хамтран Хөгжлийн банк, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах иргэд, олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор нүүрсний асуудлаар нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж иргэдийн мэдэх эрхийг хангав.
Мөн Засгийн газрын дэргэдэх 24 тусгай сангийн өр, зээл, үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгосноор Боловсролын зээлийн сан, Нийгмийн халамжийн сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан зэрэг олон санг улс төрд нөлөө бүхий этгээдүүд болон тэдний хамаарал бүхий хүмүүс ашигладаг байсан нь ил болов. Мөн Нийслэлийн хэмжээнд сүүлийн 20 жилд олгосон газрын мэдээллийг ил болгосон. Тусгай сангуудын мэдээллийг ил болгосноор 11 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдөв
ДУБАЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАВ
Оюутолгойн уурхайн үйл ажиллагаатай холбогдох Дубайн гэрээг цуцлах хэлэлцээрийг Засгийн газраас амжилттай хийж, Монголын талд хуримтлагдаад байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэв. Ингэснээр ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өрийн дарамтаас гарав.
ОЮУ ТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
24 сар гацаад байсан Оюу толгойн хэлэлцээрийг амжилттай гүйцэтгэсний үр дүнд Оюу толгой төслийн Монголын талын эзэмших 34 хувьд ногдох өр төлбөргүй болж, Монголчууд бид анх гэрээ байгуулж байсан “ТЭГ” гараан дээрээ дахин ирлээ.
Энэ нь хөрөнгө оруулалтын гэрээнд орсон нэмэлт өөрчлөлтөөс үүдэн зогсонги байдалд байсан далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв. 2022 онд Оюутолгой 3.9 тэрбум ам.долларын татвар төлсөн. Далд уурхай нээгдсэнээр энэ тоо жилд 300-400 сая доллараар нэмэгдэнэ. 2028-2030 онд олборлолт оргил үедээ хүрч, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэнээр Оюутолгой дэлхийн 4 дэх том зэсийн уурхай болно.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ 5Ш АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, энэ хүрээнд авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааг зарлан хэрэгжүүлж, авлигыг таслан зогсоохоор өргөн хүрээнд ажиллаж эхэлсэн юм.
Тухайлбал, Хөгжлийн банкны хэрэг, “Нүүрсний хулгай”, төрийн тусгай сангуудын асуудлаар Засгийн газар өөрөө анх удаа шүгэл үлээж, хууль хяналтын байгууллага, олон нийтийн хяналтад орууллаа.
5Ш ажиллагаанд:
- Шүгэл ажиллагаа:
- Шүүр ажиллагаа
- Шилжүүлэн авах ажиллагаа
- Шувуу ажиллагаа
- Шилэн ажиллагаа багтаж байгаа бөгөөд 2023 оны байдлаар
- Өргөдөл, гомдол 1,015, шийдвэрлэсэн хувь 64 хувь
- Төрийн байгууллага дахь зөрчил 6,278, ажлаас чөлөөлсөн 481
- Сэжигтэн, оргодол 34, Монголд буцаан авчирсан 25
- Авилга, гэмт хэргийн хохирлыг барагдуулах хүрээнд төвлөрүүлсэн 2.7 их наяд төгрөг, гадаадаас Монгол Улсад буцаан авчирсан 12 сая ам.доллар
- Ил болсон нэгж мэдээлэл 970,300, 6 төрлийн тусгай сангийн өрийн эргэн төлөлт 91.6 тэрбум төгрөг болоод байна.
ЭДИЙН ЗАСАГТ ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД ГАРЛАА
“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогууд амжилттай хэрэгжиж байгаагийн үр дүнд цар тахлын үед -4.6 хувь хүрч буурсан байсан манай улсын эдийн засаг 2023 онд 7.4 хувь болж өссөн. 2024 онд эдийн засгийн өсөлт урьдчилсан байдлаар 5 хувьд хадгалагдаж байна.
Сүүлийн 4 жилийн хугацаанд манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 24 хувиар өссөн бол нэг хүнд ногдох Дотоодийн нийт бүтээгдэхүүн 3 жил дараалан 1,000 ам.доллараар нэмэгдлээ.
Төсвийн орлого 2021 онд 4.2 тэрбум ам.доллар байсан бол 2023 онд 6.8 тэрбум ам.доллар болсон. 2028 он гэхэд 12.8 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.
Үргэлжлэл
- Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Лувсанамсрайн Оюун-Эрдэнэ 4 жилийн хугацаанд ЮУ ХИЙВ -2
- Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Лувсанамсрайн Оюун-Эрдэнэ 4 жилийн хугацаанд ЮУ ХИЙВ - 3
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!