Өмнөх мэдээлэл:  Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Лувсанамсрайн Оюун-Эрдэнэ 4 жилийн хугацаанд ЮУ ХИЙВ -1

Монгол улсын зээлжих зэрэглэлийг ахиуллаа

 Эдийн засгийн макро үзүүлэлт сайжирсантай холбоотойгоор Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Fitch Ratings” агентлаг 2024 оны 9 дүгээр сард "B+, тогтвортой",  “S&P Global” агентлаг 2024 оны 10 дугаар сард “B+, эерэг”, “Moody’s” агентлаг 2024 оны 11 дүгээр сард "B2, тогтвортой” болгож тус тус сайжруулаад байна.

 Мөн 2024 онд Дэлхийн банкны эдийн засгийн ангилалд Монгол Улс дундаас дээш орлоготой орнуудын тоонд багтав.

Экспортын биет хэмжээг тогтвортой нэмэгдүүлэв

Хилийн боомтуудын тээвэр зохион байгуулалт, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны үр ашгийг сайжруулсны үр дүнд нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд буюу 2023 онд 69.6 сая тоннд, 2024 онд 83.8 сая тоннд хүрч, 2019 оноос даруй 2.5 дахин нэмэгдэв. Мөн Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор зэсийн баяжмалын экспорт 2024 онд 1,695 мянган тоннд хүрээд байна. 


Гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшинд хүрэв

Гадаад валютын улсын нөөц 2022 оны 9 дүгээр сард 2.7 тэрбум ам.долларт хүрч буураад байсан бол Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр гадаад валютын нөөц 2024 оны эцэст 5.5 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүртэл нэмэгдлээ.

Засгийн газрын өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлж, дефолтын эрсдэлээс гарав

Засгийн газар өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлж, 2021 онд Мазаалай бонд, 2022 онд Чингис бонд, 2023 онд Гэрэгэ бонд, 2024 онд Хуралдай бондын өр төлбөрийг амжилттай төлж, Монгол Улс дефолтын эрсдэлээс гарлаа.

Түүнчлэн, гадаад валютын нөөц нэмэгдсэнээр Монгол Улсын Хөгжлийн банк 2023 онд Евро болон Самурай бондуудын төлбөрийг амжилттай төлж, Монголбанк БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын үлдэгдлийг 6 тэрбум юань болгож, 2016 оны эцсийн түвшнээс 2 дахин бууруулах боломж бүрдлээ.

БАЯЛГИЙН САНД ТУЛГУУРЛАСАН ДУНДАЖ ДАВХАРГЫГ ДЭМЖИХ ТОГТОЛЦОО

Баялагтаа эзэн байх тогтолцооны реформыг хийж, олон жил яригдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар батлууллаа. Ингэснээр стратегийн ордуудын үр өгөөжийг иргэд бодитоор хүртэх боломж бий болж, иргэдийн хуримтлалын данс анх удаа мөнгөжиж, 2024 оны эцсээр иргэн бүхэнд 138 мянган төгрөгийн хадгаламж хуримтлагдаад байна.

 

Засгийн газрын 14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 20 их наяд төгрөгт хүрэх бөгөөд бусад стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хэлэлцээ 2025 онд эхэлж байна.

ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ 40-80 ХУВИАР НЭМЛЭЭ

Засгийн газраас иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор хөдөлмөрийн хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан цогцоор нь үе шаттай нэмэгдүүлж, төрийн албаны цалингийн тогтолцоог шинэчлэх арга хэмжээг хэрэгжүүллээ.

 

2025 онд цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан тус бүр 6.0 хувиар нэмэгдүүллээ.

Төрийн албан хаагчийн цалин хөлс

  • 2016 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдэв.
  • Дундаж цалингийн хэмжээ 2,534,400 төгрөг болов.

 

Өндөр насны тэтгэвэр

  • 2016 онтой харьцуулахад дахин 2.5 нэмэгдэв.
  • Дундаж тэтгэврийн хэмжээ 787,000 төгрөг болов.
  •  

ЭРТ ИЛРҮҮЛЭГТ 1.4 САЯ ИРГЭН ХАМРАГДЛАА

Засгийн газраас хүн амыг эрүүл мэндийн эрсдэл, эмнэлгийн ачааллыг бууруулах, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх зорилгоор иргэн бүрийг эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг 2022 оны 5-р сарын 1-нээс эхлүүлж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд одоогийн байдлаар 1,482,402 хүн буюу нийт хүн амын 42.7 хувь нь хамрагдаад байна.

Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 77.1 хувьд нь өвчлөлийн сэжиг, анх оношлогдсон хорт хавдарын 371 тохиолдол бүртгэгдсэн байна.

 Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулсан “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ” арга хэмжээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн Баруун бүсээс сайн туршлага, инноваци хэмээн тодорхойлсон байна

 

ЦЭЦЭРЛЭГИЙН СУГАЛААГ ХАЛЖ, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ

Улсын хэмжээнд 2020-2024 онд нийт 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтад орууллаа. Ингэснээр 2019 онд Улаанбаатарт 47, хөдөөгийн 20 ерөнхий боловсролын сургууль гурван ээлжээр хичээллэж байсныг хоёр ээлжид шилжүүлэв.

Мөн Улаанбаатар хотын 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулснаар цэцэрлэгийн сугалааг халж, хүсэлт гаргасан хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломж бүрдээд байна.

АНГЛИ ХЭЛИЙГ АЛБАН ЁСНЫ ХОЁРДОГЧ ХЭЛ БОЛГОЛОО

Засгийн газраас Боловсролын багц хуулийг батлуулж, англи хэлийг Монгол Улсын албан ёсны хоёрдогч хэл болгохоор тусгалаа. Ийнхүү англи хэлийг үндсэн гадаад хэлээр тодорхойлсноор бүх шатны сургалтын байгууллагын суралцагч англи хэлийг эзэмших тэгш боломж бүрдээд байна.

 

 ЖУУЛЧДЫН ТОО ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО

Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Welcome to Mongolia уриа дэвшүүлэн эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллаж байна.

 “Монголд зочлох жил” аяныг зарлаж, үйл ажиллагаагаа идэвхжүүлснээр Монгол Улс 2023 онд анх удаа 600 мянга орчим жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларыг оллоо.

 “Монголд зочлох жил” аяны хүрээнд 2023 онд дэлхийн шилдэг контент бүтээгчид Instagram, Facebook, TikTok, YouTube зэрэг цахим сүлжээгээр Монголын тухай 40 контент нийтэлж, 155 сая орчим хүнд хүрч, CNN, Netflix, HBO, National Geography зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарснаар Монголын талаарх эерэг ойлголт 38 хувиар өссөн байна.

 2024 онд Засгийн газар “Монголд зочлох жил” аяныг үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бүрэн илэрхийлэх утга бүхий “MonGOlia, Always Moving” брэндээр өргөжүүлж, 810 мянган жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд амжилт болж, салбарын орлого 1.6 тэрбум ам.долларт хүрлээ.

 Агаарын тээврийг либералчилснаар 2022 онд 10 улсын 26 чиглэлд нислэг үйлддэг байсан бол 2023 онд 42 улсын 155 цэгт, 2024 онд 52 улсын 379 чиглэлд нислэг үйлдэх боломж бүрдүүллээ.


Үргэлжлэл бий:  Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Лувсанамсрайн Оюун-Эрдэнэ 4 жилийн хугацаанд ЮУ ХИЙВ - 3