Дээд шүүх “…Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдийг Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, зарим гишүүд зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ хахууль авч, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээв. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор дараах нэр бүхий хүмүүст шүүхээс оногдуулсан ял хуулийн хүчин төгөлдөр болж байна” гэсэн.


Үүгээр Даваагийн Цогтбаатар нь өмнө нь Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа “Мондулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д зээл олгохдоо давуу байдал олгож, Эрүүгийн хуулийн 22.1-т заасан гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон.


Ингэснээр Даваагийн Цогтбаатар УИХ-ын тухай хуулийн 9.1-д “…Дараах тохиолдолд гишүүний бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гээд 9.1.5-д “…Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэж зааснаар эгүүлэн татагдах хуулийн шаардлага үүссэн юм.