Өнөөдөр буюу 2025.04.09-ний Лxагва гарагт  ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Төгрөг нуурын орд”той холбоотой асуудлаар мэдэгдэл хийлээ.

 Тэрбээр: Миний хувьд Үндэсний Баялгийн сангийн хэрэгжүүлэлтийн ажлын хэсгийн ахлагчийн хувиар стратегийн ордууд дээр ээлж дараатайгаар санхүүгийн  болон хуулийн шинжилгээ хийж байна.

Энэхүү асуудлын хүрээнд Төгрөг нуур”-ын орд газар дээр санхүүгийн болон хуулийн  шинжилгээнүүд хийлээ.

Төгрөг нуур”-ын орд газар нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн Х.Баттулга-тай хамааралтай талаар та бүхэнд өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Үндэстэн дамнуулсан олон схем асуудал үүсгэсэн ажиллагааг долоо хоногийн дотор шийдвэрлэх хугацаа олгосон. Өгөгдсөн хугацаанд УИХ-ын  гишүүн  Х.Баттулгаас Засгийн газарт шийдвэрлэх бичиг болон хариу үйлдэл мэдээлэл ирүүлээгүй .

2025 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр хэвлэл мэдээллээр ярилцлага өгсөн мэдээлэл байгаа хэдий ч Төгрөг нуур”-ын орд газартай холбоотой тодорхой мэдээлэл өгөөгүй.

ХМХ-ээр Х.Баттулга: “Төгрөг нуур”-ын орд газрыг минийх гэж нотолж чадвал аваарай гэж мэдээлсэн байна. Миний зүгээс хандаж хэлэхэд та хэлсэн үгэндээ эзэн болоорой гэж хэлмээр байна.

Бид үүнийг хөдлөшгүй баримтад тулгуурлаж нотлох ба албан ёсны бичиг баримтууд дээр санхүүгийн болон хуулийн мэргэжилтнүүд дүн шинжилгээ хийж байна.

Одоогоос 19 жилийн өмнө буюу 2006 онд Х.Баттулга болон А.Ядамсүрэн нарын үүсгэн байгуулсан “Саmех” ХХК нь “Төгрөг нуур”-ын ордыг 100 % эзэмшдэг нь баримтуудаар тогтоогдсон.

Уг “Саmех” ХХК-ны хувьцааны 90 хувийг Х.Баттулга эзэмшдэг байсан.

Үүний дарааа Х.Баттулга өөрийн төрсөн охин Х.Намуун болон төрсөн эгч Х.Цэндбаяр нарт хувьцаагаа шилжүүлж, үндэстэн дамнасан компаниудаар дамжуулж 250 сая ам.доллараар худалдсаныг Хонг Конгийн бирж дээрх 507 хуудас мэдээлэл дотор хэлцлийн нөхцөл, үнэлгээ, төлбөрийн бүтцүүд, хувьцаа, өрийн бичиг, хөрвөх цаас, эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлт, Төгрөг нуурын ордын нөөцийн тооцоо, ТЭЗҮ зэргийг нарийвчлан агуулсан нотлох баримт гэж хэлж болно.

 Компаниас компанид хувьцаа шилжүүлж оффшор бүсээр дамжуулж Монгол Улсын стратегийн ордыг худалдаж мөн татвараас зайлсхийсэн нь тогтоогдов.

Эдгээр баримтуудыг үндэслэн Монгол Улсын засгийн газрын зүгээс “Төгрөг нуур” стратегийн орд газрын асуудлаар хууль хяналтын байгууллагад хандана.