Татварын Ерөнхий Газраас мэдээлснээр, 2024 онд орон сууц худалдан авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэдийн татварын буцаан олголт эхэлжээ.

Орон сууц худалдан авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн нийт 28,188 иргэнд 52.4 тэрбум төгрөгийг нийслэлийн Төрийн сангаас 4-р сард багтаан бүрэн олгохоор төлөвлөсөн байна.

Буцаан олголтын дийлэнхийг орон сууц худалдан авсан 19,547 иргэн эзэлж, нийт 45.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэх бол, 9,198 иргэнд хүүхдийн сургалтын төлбөрийн буцаан олголтоор 6.8 тэрбум төгрөг олгохоор тусгажээ.

Татварын шинэчилсэн хуульд туссанаар, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан иргэн 6 сая төгрөг хүртэл хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. Мөн өмнө нь зөвхөн төрсөн болон үрчилсэн хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгодог байсан бол шинэчлэлээр дагавар болон асран хамгаалагчийн хүүхдийн төлбөрт ч буцаан олголт авах боломж бүрджээ.