Сүүлийн үед ахмад настнуудын дунд “ банкнууд тэтгэврийн зээл олгохгүй байна” гэх шүүмжлэл хүчээ авч байна. Энэ нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны гуравдугаар сард гаргасан тушаалтай холбоотой аж.
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван уг асуудалд тайлбар өглөө. Тэрбээр:

“Ахмадууд зээлээ төлсний дараа үлдэж буй орлого нь ахуй амьдралаа хангахад хүрэлцэхгүй байгаа тул тэтгэврийн зээлд зохицуулалт хийсэн. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ийм зохицуулалт хийх хүсэлт ирсэн” хэмээв.

Энэхүү зохицуулалт нь өр-орлогын харьцааг шинэчлэн тогтоосонтой холбоотой бөгөөд ахмадуудын санхүүгийн ачааллыг багасгах зорилготой гэж холбогдох байгууллагууд тайлбарлаж байна.