Бүсийн хөгжлийн асуудлыг тодорхойлох хүрээнд олон чухал санал санаачилга гарлаа. Бүсчилсэн хөгжлийн гол зорилго бол нийслэл хэмээх нэг төвтэй төвлөрлөөс ангижирч, тэнцвэртэй хөгжлийг орон нутагт бий болгох, нөгөөтэйгүүр ойрын хугацаанд өрхийн орлгогыг нэмэгдүүлэх, иргэдээ эрүүл, аюулгүй, баталгаатай ажлын байраар хангах, амьдралын чанарыг нь сайжруулж, иргэн төвтэй орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.
Говийн бүс бол манай улсын стратегийн зүрх гэж хэлж болохоор чухал ач холбогдолтой. Эрдэс баялаг, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй гээд бүх салбарын үйл ажиллагаа энэ бүс нутагт цогцоороо явах боломжтой. Говийн аймаг, сумд, баг, цаашилбал бүс хоорондын уялдаа холбоог улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрхэн хангах вэ гэдэг дээр анхан шатны нэгжээс эхлээд Засгийн газар хүртэл нэгдсэн ойлголттой болохыг зорьж байгаа юм.
Хөгжлийн тэнцвэргүй байдлыг богино хугацаанд арилгаж чадах юм бол хүний хөгжлийн асуудал шийдвэрлэгдэнэ. Монгол Улсын нийт хүн амын зургаан хувь нь говийн бүсэд амьдарч байна. 19-25 насны идэвхтэй суралцаж, хөдөлмөрлөдөг насны залуучуудын хүн амд эзлэх хувь байнга буурч байна. Цаашилбал, ажиллах хүчний хомсдолд орно. Энэ нь бүсчилсэн хөгжилд сөргөөр нөлөөлнө.
НҮБ болон манай дотоодын байгууллагуудаас гаргасан судалгаагаар хүнээ хөгжүүлэхийн тулд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх нь маш чухал байгаа юм.
Бүсчилсэн хөгжлийн талаар тухайн бүсийн аймаг, сум, баг гээд бүхий л түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох шаардлагатай байгаа. Хамтдаа нэгдсэн зорилготой болж, хүчээ нэгтгэж байна. Хамт чуулж гаргасан шийдвэрээ хамтдаа хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
Өнгөрсөн хугацаанд бидний гаргасан алдаа гэвэл бүсийн зөвлөлөө байгуулаагүй байсан. Энэ удаа говийн бүсийн зөвлөлийн анхдугаар чуулганыг зохион байгуулснаараа энэ зөвлөлийн үйл ажиллагааг албан ёсоор идэвхжүүлж, богино, дунд, урт хугацааны зорилтуудаа тавьж шийдвэрлэх ач холбогдолтой.
Говийн бүстэй холбоотой дэд бүтэц, эрчим хүч, усны хангамж, аялал жуулчлал, байгаль орчин, хилийн боомт гээд олон асуудлаар газар дээр нь шийдвэр гаргалаа. Дахиад албажуулна. Энэ бол зүгээр нэг уриа лозун биш, Монгол Улсын ирээдүйн 5, 10 жил, цаашлаад 20-30 жилийн хөгжлийн гол суурь болж өгнө.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!