Сонгинохайрхан дүүрэгт 24 нэгж талбар, 2.1 га талбайг чөлөөлж хийгдсэн Спорт цогцолборын ажил дуусаж, хүүхэд, залуучуудын хамтаар нээлтээ хийлээ.

Хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.НЯМБААТАР-ын санаачилгаар дүүргийн 3 дугаар хороо буюу Толгойт бүсийн гэр хороолол дунд олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор барих ажлыг 2021 онд эхлүүлсэн байдаг.

Тухайн үед Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар миний бие ажиллаж байхдаа газар чөлөөлөлтийн ажлыг нэг жилийн хугацаанд хийж, 2022 оноос бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр спорт цогцолбор бүрэн ашиглалтад орж хүүхэд, залуучууд тоглож наадан баяр жаргалтай байгааг харах үнэхээр сайхан байна.

Тус спорт цогцолбор 3х3 болон 5х5 сагсан бөмбөгийн талбай 2, газрын теннисний талбай 2, зургаан эгнээтэй гүйлтийн зам, хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, 100 автомашины зогсоолтойгоор хийгдсэн юм.

Цаашид бид дүүргийнхээ дөрвөн бүсэд иргэд, хүүхэд, залуучууддаа зориулан усан спорт цогцолбор, өвлийн спортын ордон гэх мэт олон томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөөд байна.