Төрийн ордонд өнөөдөр “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан хэлэлцэх ерөнхий хяналтын сонсгол эхэллээ. Сонсголд орон нутгийн иргэд, төрийн болон орон нутгийн байгууллагууд, компанийн төлөөлөл, судлаачид зэрэг өргөн хүрээний талууд оролцож байгаа нь олон талын байр суурийг нэгтгэх зорилготой.

Энэ үеэр УИХ-Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр лицензийн асуудлыг онцлон, “Лиценз олгоно гэдэг нь үйл ажиллагаа явуулах эрхийг хуулиар баталгаажуулж өгч байгаа хэрэг. Өнөөдөр Монголд 2000 гаруй лиценз хүчин төгөлдөр байгаа бөгөөд компаниуд хөрөнгө оруулалт татан, хууль ёсоор ажиллах эрхтэй. Сонсголоор талуудын ойлголтын зөрүүгээ арилгаж, тодорхой үр дүнд хүрээсэй гэж хүсэж байна” хэмээв.

Мөн “Халзан бүрэгтэй” орд олон улсын **ESG стандартын хэрэгжилтийг ханган үйл ажиллагаа явуулж буйг дурдлаа.

Түүний хэлснээр, уул уурхайн бүтээгдэхүүн өнөөдрийн байдлаар Монгол Улсын экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг бөгөөд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд олборлолтын бүтцийг солонгоруулах шаардлагатай. “Газрын ховор элемент, уран, зэс, алтны олборлолтыг нэмэгдүүлэх нь чухал. Газрын ховор элементийн эрэлт дэлхий даяар нэмэгдэж байгаа бөгөөд хоёр хөрш маань өөрсдөө томоохон хэрэглэгч, экспортлогчид. Манайд ч ийм боломж байгаа” гэв.

Г.Эрдэнэтуяа “стратегийн орд” гэх ойлголт олон улсад байдаггүй, харин стратегийн ашигт малтмал гэж байдаг гэдгийг тодотгов. Тухайн ашигт малтмалын өртөг, өгөөжийг харгалзан үзэж, улс бодлогоор дэмжиж байж салбарын тогтвортой байдлыг хангана гэж тэрээр тайлбарлав.

Мөн хөрөнгө оруулагчийн эрх зүйн орчныг баталгаажуулах шаардлагын талаар “Байгуулсан гэрээндээ хоёр талын санаачилгаар өөрчлөлт оруулах боломж бий. Гэхдээ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах нөхцөлийг төрөөс бүрдүүлж өгөх ёстой” гэдгийг онцоллоо.