Э.Бат-Үүл: О.Цогтгэрэл ээ, сөрөг хүчний удирдагч шиг чанга байгаач ээ

Сэтгүүлч
2025/10/09

АН-ын лидерүүдийн нэг Э.Бат-Үүл өчигдөр сошиалд “Намын дарга О.Цогтгэрэл минь ээ, бурхан минь сөрөг хүчний удирдагч шиг чанга байгаач ээ. Дөнгөж илааршиж эхэлж байсан нам маань, МАН-аас халдвар аваад хагарах өвчин нь эргэж сэдрэх гээд байна шүү дээ. Олонх чинь өөрсдөө бид засаглаж чадахгүй байна гээд байхад “та нар чадна, засагла” гэж санал өгөх эргүүтсэн гишүүд сөрөг хүчний манай намаас гарч ирэх гээд байна шүү дээ. Арай ч дээ” гэж халаглав.

 Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн АН одоо л илааршиж, дотоод хагарал нь намжиж,  “овоо дажгүй сөрөг хүчин болох нь”  гэсэн итгэл иргэдэд төрж эхлээд байлаа. Гэтэл АН-ын шинэхэн дарга О.Цогтгэрэл МАН-ын дотоод зодоонд хошуу, хуруу дүрж хөгөө чирж эхлэв. Үнэнийг хэлэхэд АН төдийгөөс өдий хүртэл төр барьж буй МАН-ын тоглоом төдий явсаар ирсэн нь нуух юмгүй ил үнэн. Хэдэн ч сонгууль дарааллаад ялагдчихав, бүү мэд. Лав арав гаруй жил тасралтгүй ялагдлаа. Ахиад онцлоход сүүлийн үед л АН-д гэгээ татаж эхлээд байсан юм. Адаглаад л даргаа сонгохдоо МАН шиг улайрсан зодоон тэмцэл болоогүй.

 МАН дотроо ид зодолдож байх энэ өдрүүдэд АН  юу ч хийхгүй байхад л рейтинг нь суга өсөхөөр байна. Чив чимээгүй урдахаа хийгээд явахад АН Ерөнхийлөгчийн, УИХ-ын сонгуульд ялж мэдэхээр цаг үеийн тохироо бүрдчихлээ.

 Харамсалтай нь О.Цогтгэрэл тийм ухаан зарсангүй. Ерөнхий сайд Г.Занданшатарт илт найр тавьж, хэн ч гайхаж цочирдом хачин мэдэгдлүүд хийж эхлэв. Ерөнхий сайд мань эрд долоон сайдын суудлаас гадна хувийн бизнесийг нь засгаас бодлогоор дэмжих амлалт өгсөн гэх мэдээлэл чих дэлсч байна. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол  О.Цогтгэрэл хувийн бизнес, өөрийнхөө  эрх ашгийг  намынхаа дээр хэдийнэ тавьсан болж таарч байна.

 Намын даргынхаа хүн ойлгох эцэсгүй үйлдлээс болж  саяхныг хүртэл дажгүй өнгөтэй гялалзаж явсан АН-ын  рейтинг унаж эхэллээ. О.Цогтгэрэлийн  Г.Занданшатарт тал зассан улстөр зогсохгүй нь тодорхой болчихлоо. Хатуухан хэлэхэд түүнд АН-ын даргын суудал томдож буйг сүүлийн үеийн үйлдлүүд нь нотолж байна. Наймаачны сэтгэлгээнээс хальж харж чадахгүй нэгэн гэдгээ  үг, үйлдлээрээ  нотолчихоод байхад нь дуугүй хараад суувал АН -д эргэж сэхэхгүйгээр уруудах эрсдэл бий.

 Тэгэхээр АН-ынханд намаа аврах цор ганц зам байна. Тэр нь даргаа солих. Ийм даргатай сонгууль хүрвэл ахиад арваад жилийн ялагдал АН-ыг хүлээж буйг онцлон сануулъя. Наймаанаас хальж сэтгэдэггүй О.Цогтгэрэлийг намын даргаасаа буулгачихвал дараагийн хэд хэдэн сонгууль АН-ын гарт ороход бэлэн байна.  Буулгадаггүй юм аа гэхэд ямар шившгийн юм хийж сэдээд явааг нь Монгол Улсын баатар Э.Бат-Үүл шиг сануулж хэлж, зөв чигт нь шахаж ажиллах цаг болчихжээ, АН-ынхаан. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.121.131
    2025/10/10

    Bat uul mash zuv sanaa helj bna daa ene nuhur uls turiin uhaan dutaj bna zaluu gishuud hudlaa poprood hezuu bnaa gantumur hamaagui iluu baisan shuu shahaldaar dargiin suudalaa ugsun duu

    Хариулах
  • 202.126.89.154
    2025/10/09

    Batvvl mash zuv dvgnesen bna.AHam svirlii n zamdaa orjee xuurxii.neg mangar jaalaas bolj!

    Хариулах