Кофены хэмнэл

Сэтгүүлч
2025/10/14

Өглөөний  гэгээ цонхоор аядуухан тусахад, хотын амьсгал аажуухан сэргэж эхэлнэ. Аль нэг гэрийн гал тогоонд ус буцалж, кофе бутлагдан, анхилуун үнэр агаарт дүүрнэ. Энэ үнэр бол амьдарлын тэр өдрийн эхлэл.

Хэн нэгэн гал тогооны ширээндээ ганцаараа сууна — аяганы амсарнаас уур савсаж, түүний бодол өдөр тутмын ажил, мөрөөдлийн тухай эргэлдэнэ. Нөгөө нэг нь замдаа яарангаа гартаа  цаасан аяга барьж алхана. Хотын гудамжинд кофе барьсан хүмүүсийн цуваа бол өнөө цагийн нэгэн шинэ соёл: “яарсан ч, амсхийж чаддаг хүмүүсийн” соёл.

Зарим нь өглөө бүр дуртай кофе шопдоо орж, баристатайгаа мэндэлнэ. “Эспрессо хэвээр үү?” гэж асуухад инээмсэглэн “тийм ээ” гэж хариулна. Тэнд кофе бол уух зүйл биш, өөрийн орон зай. Харин зарим нь ажил дээрээ кофены машинаа асааж, хамт олонтойгоо халуун американотой  яриа эхлүүлдэг. Аяга бүрийн ард өглөөний түүх, жижигхэн аз жаргал оршдог.

Кофе — ганцаардалд найз, ядаргаанд сэргээш, урам зоригийн түлхэц.

Өдөр бүр дэлхий даяар 2 тэрбум гаруй аяга кофе уудаг гэх тоо бий. Монголд ч энэ соёл жилээс жилд нэмэгдэж, кофе шопууд залуусын хамгийн түгээмэл уулзалтын газар болсон.

Өвлийн хүйтэн өглөө халуун американо гараа дулаацуулж, намрын сэрүүнд капучино амтагдана. Зуны халуунд мөстэй латте сэрүүцүүлж, хаврын өглөөний зөөлөн гэрэлд карамель макиато анхилна. Улирал бүр кофены өөр өнгө, өөр амттай.

Харин өглөөний кофегоо амсах тэр ганцхан мөчид бид бүгд ижилхэн — гэртээ ч байсан, кофе шопт ч байсан, эсвэл оффисын ширээн дээрээ ч байсан ялгаагүй. Тэр мөч бол бүхэл өдрийн эхлэл, өөртэйгөө уулзах нам гүмхэн цаг.

Кофе биднийг холбодог.

Анхилуун үнэр нь өдрийн хэмнэл болж, амт нь сэтгэл сэргээдэг.

Өглөө бүрийн анхны балга — шинэ өдрийн анхны инээмсэглэл юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна