Жил бүрийн долоодугаар сарын 2-ны өдрийг Дэлхийн спортын сэтгүүлчдийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдөр нь спортын үйл явдал, тамирчдын амжилт, ялалт, ялагдлын түүхийг олон нийтэд үнэн зөв, шуурхай хүргэдэг спортын сэтгүүлчдийн хөдөлмөр, мэргэжлийн үйлсийг үнэлэн алдаршуулах зорилготой юм.

Спортын сэтгүүлчид зөвхөн тэмцээн уралдааны үр дүнг мэдээлэхээс гадна тамирчдын хичээл зүтгэл, бэлтгэл сургуулилт, түүхэн амжилт, спортын үнэ цэнэ, хүмүүжлийн ач холбогдлыг үзэгч, уншигчдад ойлгомжтой, хүртээмжтэйгээр хүргэдэг онцгой үүрэгтэй.

Тэдний мэргэжлийн ур чадвар, шуурхай мэдээлэл, бодит сурвалжилга нь спортын хөгжил, олон нийтийн спортын боловсролыг дэмжихэд чухал хувь нэмэр оруулсаар байна.

Дэлхийн спортын сэтгүүлчдийн өдрийг тохиолдуулан дэлхий даяарх болон Монголын спортын салбарт ажиллаж буй нийт спортын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, уран бүтээлчдэд баярын мэнд хүргэе.