Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний нийт 482 цэг ажиллуулах бөгөөд түр зөвшөөрлийн хүсэлтийг долоодугаар сарын 1-ний 17:00 цагаас 3-ны 17:00 цаг хүртэл license.mn цахим системээр хүлээн авна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд нийт 204 цэг ажиллуулах бөгөөд үүнээс:
Хоол үйлдвэрлэлийн 118 цэг,
Жижиг, дунд хүнсний үйлдвэрлэл, худалдааны 65 цэг,
Явуулын хоол үйлдвэрлэлийн 21 цэг байна.
Харин Хүй долоон худагт Дэлхийн адууны өдөртэй холбогдуулан нийт 278 цэг ажиллуулах бөгөөд үүнээс:
Хоол үйлдвэрлэлийн 168 цэг,
Худалдааны 40 цэг,
Хөдөлгөөнт тоглоомын 70 цэгийг төлөвлөжээ.
Мөн Хүй долоон худгийн соёлын талбайд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн 50 цэг, худалдаа, үйлчилгээний 10 цэгийг тус тус ажиллуулахаар төлөвлөсөн байна.
Энэ жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнд Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн аж ахуйн нэгжүүд хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх бол Хүй долоон худагт Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар дүүргийн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахаар хуваарилжээ.
Түр зөвшөөрлийг license.mn цахим системээр олгох бөгөөд:
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь хуулийн этгээд байх,
Мэргэжлийн тогооч болон ажилтнууд нь эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан, хүчинтэй эрүүл мэндийн дэвтэртэй байх шаардлагатай.
Хүнсний худалдаа эрхлэгч нь иргэн эсвэл хуулийн этгээд байж болох бөгөөд худалдаалах бүтээгдэхүүний төрөл, мэдээллээ тодорхой бүртгүүлсэн байх ёстой.
Хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ эрхлэгчид license.mn системээс "Монгол наадам цогцолбор"-ыг сонгон, тоглоомын танилцуулга, аюулгүй байдлын зааварчилгаа болон холбогдох дүгнэлтээ хавсарган хүсэлтээ илгээнэ.
Харин үндэсний үйлдвэрлэл, гар урлал, бэлэг дурсгалын болон соёлын барааны чиглэлээр үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд license.mn-ээр дамжуулан Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийг сонгон хүсэлтээ илгээх боломжтой юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!