Яармагийн замд гарсан зам тээврийн ноцтой ослын талаарх бичлэг цахим орчинд түгээд байна.

Энэ талаар Онцгой байдлын байгууллагаас тодруулахад, өнөөдөр 07:45 цагт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд зам тээврийн ослын улмаас хүн хавчуулагдсан тухай дуудлага иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллахад, Toyota Prius маркийн хоёр автомашин мөргөлдсөний улмаас нэг иргэн автомашинд хавчуулагдсан, мөн нэг иргэн газар дээрээ нас барсан байжээ.

Аврагчид хавчуулагдсан иргэнийг гарган эмнэлгийн байгууллагад, нас барсан иргэнийг цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн байна.

Ослын шалтгаан, нөхцөл байдлыг холбогдох байгууллагууд шалгаж байна.

Иймд жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо хурд, зайгаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн, анхаарал болгоомжтой зорчихыг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.