Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ Орхон аймагт ёслол төгөлдөр болж байна.

Хүндэтгэлийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож, Эрдэнэт хотын төв талбайд төрийн хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авлаа.

Арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Ц.Төрмөнх болон төр, цэргийн байгууллагын албаны төлөөлөгчид оролцож байна.

Энэ жилийн онцлох үйл явдлын нэг нь Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2026” байлдааны буудлагатай хээрийн сургууль Орхон аймагт зохион байгуулагдаж байгаа явдал юм. Уг сургууль нь Монгол, Оросын ард түмний найрамдал, хамтын бүтээн байгуулалтын бэлгэ тэмдэг болсон Эрдэнэт хотын 50 жилийн ойн түүхэн цаг үед зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой байна.