Зарим хайр “хайртай” гэж хэлдэггүй. Зүгээр л өглөө эрт босож, оройтож харьдаг.

Зарим хүн тэврээд эрхлүүлдэггүй. Харин амьдралын салхинд нөмөр болж зогсдог.

Хүүхэд насанд аав гэдэг хамгийн том хүн байдаг.

Тэнгэрээс өндөр, уулнаас хүчтэй мэт санагдана. Аавын гарнаас атгахад хорвоо аймшиггүй, аавынхаа араар нуугдахад бүх зүйл зүгээр, хэн ч хэзээ ч халдаж чадахгүй мэт. Өвдсөн үед духан дээр тавьсан гар нь эм, харанхуйд гэртээ орж ирэх хөлийн чимээ нь тайвшрал, “Зүгээр ээ” гэх хоёрхон үг нь бүх асуудлыг шийдчихдэг байв.

Тэр үед бид аавыг зүгээр л аав гэж мэддэг. Харин нас ахих тусам аавын тухай ойлголт өөрчлөгдөнө. Аав ч бас хүн юм байна гэдгийг илүү их ойлгоно.

Ядардаг. Өвддөг. Санаа зовдог. Заримдаа юу хэлэхээ мэдэхгүй дуугүй суудаг. Өглөө босохдоо нойр нь хүрдэг ч ажлаа бодоод өндийнө. Халаас нимгэрэхэд гэрийнхнээ бодно. Өөртөө хэрэгтэй зүйлээ хойш тавиад бусдынхаа хэрэгтэйг урьтал болгоно.

Гэхдээ энэ бүхнийг тэр барагтай бол ярьдаггүй. Аавуудын хайр нэг л өөр.

Ээжийн хайр шиг ил харагддаггүй байж болно. Ээж тэвэрч, үнсэж, “Миний хүүхэд” гэж эрхлүүлдэг бол аав “Даарч байна уу?”, “Мөнгө байна уу?”, “Замдаа болгоомжтой яваарай” гэж асууна.

Тэр “хайртай” гэдэг үгийг магадгүй өөрөөр дууддаг.

“Хоол идсэн үү?”

“Хэдэн цагт ирэх вэ?”

“Машин чинь гайгүй юу?”

“Энийг аваад яв.”

“Би очоод авчихъя.”

Энгийн мэт эдгээр үгсийн цаана нэг л зүйл бий. Гагцхүү “чамайг л  бодож байна.”

Хүүхэд байхдаа аавынхаа гарыг том гэж боддог байлаа. Үнэндээ тэр гар том байгаагүй ч байж мэднэ. Харин бидний ертөнц жижиг байсан юм.

Тэр гар биднийг хөтөлж алхсан. Унасан үед босгосон. Дугуй унаж сурахад араас түшсэн. Анх сургуульд ороход гараас хөтөлж хүргэсэн. Анхны ажилд ороход “Хичээгээрэй” гэж хэлсэн. Амьдралын анхны алдаанд “Хүн алдаж болно” гэж тайвшруулсан.

Харин аавын гар…

Урьдынх шигээ хүчтэй биш болсон байхыг нь бид хэзээ анзаардаг билээ?

Хурууны үзүүр нь ширүүсэж, алга нь хөдөлмөрийн мөртэй, үс нь бууралтаж эхэлснийг хэзээ хардаг билээ?

Бидний амьдрал урагшлах тусам аавын амьдралын нэг хэсэг чимээгүйхэн өнгөрч байдаг.

Бидний “дараа очъё” гэдэг үг аавын хувьд “өнөөдөр ирэхгүй юм байна” гэсэн хүлээлт болдог байж мэднэ.

Бидний “завгүй байна” гэдэг үг аавын хувьд “хүүхэд минь том болжээ” гэсэн ганцаардал байж ч мэднэ.

Аавууд ихэнхдээ бусдаас их зүйл хүсдэггүй.

Хүүхэд нь эрүүл байвал болно.

Амьдрал нь зөв байвал болно.

Ажил нь бүтэмжтэй байвал болно.

Өөрөө жаргалтай байвал болно. Тэдний хүсэл ердөө л ийм энгийн.

“Дараа ярья.”

“Дараа очъё.”

“Дараа хамт сууя.”

“Дараа тантай ярилцъя.”

Хүний амьдралд хамгийн их харамсдаг үгсийн нэг нь магадгүй энэ “дараа” байх.

Учир нь амьдрал хэнд ч маргаашийг амладаггүй. Өнөөдөр утсаа аваад аавынхаа хоолойг сонсож болно. Өнөөдөр гэрт нь очоод цайг нь хамт ууж болно. Өнөөдөр мөрөн дээр нь гараа тавиад “Ааваа, баярлалаа” гэж хэлж болно.

Харин маргааш…

Маргааш бидний мэдэлд байдаггүй.

Аавуудын баяр бол календарийн нэг өдөр. Гэхдээ аав гэдэг хүн бол бидний амьдралын нэг өдөр биш.Бүх өдрийн ард байдаг хүн.

Тэр өөрөө аялж амжаагүй бол биднийг аялуулахаар зүтгэнэ. Өөрөө авч чадаагүй зүйлийг бидэнд авч өгнө. Өөрөө хүрч чадаагүй оргилд хүүхдээ хүрээсэй гэж хүснэ.

Зарим нь ач, зээгээ хараад өөрийнхөө залуу насыг эргэн санаж суудаг. Тэдний амьдралын хамгийн том бүтээл нь байшин, машин, албан тушаал биш.

Хүүхдүүд нь.

Харин бид аавынхаа ачийг хэзээ төлж дуусгах вэ? Магадгүй хэзээ ч дуусгахгүй. Учир нь эцгийн хайр бол өр биш. Тооцоо биш.

Гэхдээ хариу болгон хайрлаж болно. Хамт сууж, сонсож, тэвэрч, гарыг нь атгаж болно.

Тиймээс аавыгаа зөвхөн баярын өдөр санах бус, жирийн нэг мягмар гарагт ч санаарай.

Ямар ч шалтгаангүйгээр залгаарай.

Ямар ч баяргүйгээр очоорой.

Ямар ч хэрэгцээгүйгээр тэврээрэй.

Нэгэн цагт бид аавынхаа араас гүйдэг байсан. Одоо аав маань бидний араас харж суудаг.

Нэгэн цагт бид “Аав аа” гэж дуудах бүрд тэр эргэж хардаг байсан. Одоо тэр бидний дуудлагыг хүлээдэг.

Нэгэн цагт бид аавынхаа өвөр дээр багтдаг байсан. Одоо аавынхаа сэтгэлд багтахыг хичээж явна.

Амьдрал ингэж л солигддог ажээ.

Хүүхэд нас өнгөрч, бид том болно.

Харин аавын хайр…тэр л хэвээрээ үлддэг.

Магадгүй өнөөдөр аавынхаа нүд рүү нэг хараарай. Тэнд бидний бага нас бүхлээрээ багтдаг.

Учир нь бидний амьдралын хамгийн том түшиг болсон аавууд ч бас нэг л өдөр түшүүлэх мөр хэрэгтэй болдог.

Тэр үед нь бидний ээлж.

Аавынхаа гараас атгах ээлж.