Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам өнөөдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.
Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, харьяа газар, нэгжүүдийн ажлын гүйцэтгэл, цаг үеийн тулгамдаж буй асуудал, холбогдох мэдээлэлтэй танилцаж, дараах үүрэг даалгавруудыг өглөө. Үүнд:
- Газрын тосны эрэл, хайгуулын ажилд саад болж байгаа асуудалд АМГТГ анхаарал хандуулж, орон нутгийн уулзалт зохион байгуулах;
- Геологийн судалдгаа, шинжилгээний төв ТӨҮГ-ын үйл ажиллагаанд хяналт тавьж, орлого нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд авч ажиллах;
- Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Газрын тосны хууль боловсруулах ажлуудыг эрчимжүүлэх;
- Эрдэс баялгийн салбар зөвлөлийн хурлыг шуурхай зохион байгуулах, хурлын үр дүнг эргэн танилцуулах;
- Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын баримт бичгийг чанартай боловсруулах, холбогдох танилцуулга, мэдээллээр шуурхай хангаж, бэлтгэл ажлыг бүрэн гүйцэтгэх;
- Газар, хэлтсүүд Сайдаас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг хангаж, заасан хугацаанд нь бүрэн биелүүлэх, эргэн танилцуулах.
Түүнчлэн Алт-3 аян, газрын тосны хайгуул, салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд боловсруулагдаж буй эрх зүйн баримт бичгүүдийн явцаар мэдээлэл сонсож, эрчимжүүлэх үүрэг чиглэл өглөө. Үүний зэрэгцээ “COP17 – ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ”-ын үеэр “Байгалийн капитал- Хариуцлагатай уул уурхай” сэдэвт АҮЭБ-ийн салбарын танилцуулга, “Ашигт малтмалын долоо хоног” арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлуудад анхаарахыг холбогдох албан тушаалтнуудад чиглэл болголоо.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!