Хан-Уул дүүрэгт байрлах “Интермед” эмнэлэгт тэсрэх бөмбөг тавьсан гэх дуудлага мэдээлэл өнөөдөр /2026.08.17/ 09:56 цагт холбогдох байгууллагад иржээ. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын алба хаагчид тус эмнэлгийг хамгаалалтад авч, шалгалт зохион байгуулж байна.
Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөнүүд, эмч, эмнэлгийн ажилтнууд болон үзүүлэхээр ирсэн иргэдийг барилгаас гаргажээ.
Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тайлбар өгсөн байна. Зарим албан бус эх сурвалжид тус эмнэлэгт ОХУ-ын иргэн тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэх мэдээлэл тархсан ч одоогоор албан ёсоор батлагдаагүй байна.
Тус эмнэлгийн зүгээс дараах мэдэгдлийг хийжээ
Хүндэт үйлчлүүлэгчид ээ, Интермед эмнэлэгт ирсэн мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагаас манай эмнэлгийн байранд шалгалт, хяналтын ажлыг гүйцэтгэж байна.
Одоогийн байдлаар шалгалтын явц үргэлжилж байгаа бөгөөд бид үйлчлүүлэгч, эмч мэргэжилтэн, ажилтныхаа аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, хууль хяналтын байгууллагаас өгсөн заавар удирдамжийн дагуу ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр үзлэг, шинжилгээний цаг авсан үйлчлүүлэгчдийн цагийн хуваарьт зохицуулалт хийж ажиллах ба манай харилцагчийн үйлчилгээний ажилтнууд та бүхэнтэй холбогдон цагийг шилжүүлэх, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулах болно.
Үүссэн нөхцөл байдалд хүлээцтэй хандаж, бидэнтэй хамтран ажиллаж буй та бүхэнд баярлалаа гэжээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!