Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт орших Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол энэ сарын 21-нд болно.

Их эзэн Чингис хаан монгол овог аймгуудыг нэгтгэн, Их Монгол Улсаа байгуулсны 820 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны хоёрдугаар сарын 23-нд Хар зүрх уулыг төрийн тахилгатай болгох тухай зарлиг гаргасан билээ.

Хар зүрх уул орчим нь Эзэн богд Чингис хаан дайн тулаанд ялалт байгуулж, эсгий туургатныг нэгэн төрийн дор нэгтгэн, Монголын төр улсыг бэхжүүлэх үндэс суурийг тавьсан түүхэн нутаг хэмээн үздэг.

Тус бүс нутагт хийсэн археологийн судалгаагаар 3,500 орчим жилийн өмнөх Хүрлийн үеэс нүүдэлчин ард түмэн суурьшин амьдарч байсныг илтгэх дурсгалууд илэрчээ. Тухайлбал, монголчуудын өвөг дээдсийн дөрвөлжин булш, түүний шууд өвөг болох шоргоолжин булш, XIII-XV зууны үеийн дурсгалууд, монгол хүн чулуу зэрэг түүх, соёлын үнэт өвүүд бүртгэгдсэн байна.

Мөн Батхаан уулын хормой дахь Таван толгой хэмээх газарт нутгийнхан “Чингисийн тулга” хэмээн нэрлэдэг цэцгэн хээ бүхий хавтант хашлага байдаг бөгөөд судлаачид уг дурсгалыг Чингис хааны үеэс өмнөх НТ VI-VIII зуунд хамаарах боломжтой гэж үздэг.

2009-2011 онд Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт археологийн судалгаа явуулж, хүрэл, төмөр, Хүннү, Түрэг болон Монголын үед холбогдох хэдэн арван дурсгалын цогцолборыг илрүүлэн, бүртгэж, баримтжуулжээ.

Түүнчлэн МУИС-ийн судалгааны баг 2011 онд Цэнхэрмандал сумын Жаргалантын хөндий болон Хавцал уул, Аваргын гуу зэрэг газарт археологийн судалгаа хийж, 150 гаруй дурсгалыг илрүүлэн бүртгэсэн байна.

Судлаачдын зүгээс Хар зүрх уул, Хөх нуур болон түүний орчмын бүс нутагт археологийн нарийвчилсан хайгуул, судалгааг цаашид хийх шаардлагатай гэж үзэж байна.