Сангийн сайд З.Мэндсайхан төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхтэй холбогдуулан мэдээлэл өглөө.

Сангийн сайд З.Мэндсайхан:  

-Энэ оны эхний 7 сарын гүйцэтгэлээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг болж, батлагдсан түвшнээс 2 дахин өсөөд байна. Эдийн засгийн зарим салбарын идэвхжил саарч, төсвийн орлого төлөвлөснөөс 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрөөд байна.

Эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал, иргэдийн орлого, амьжиргаанд үүсэж байгаа дарамт, төсөвт учирч болзошгүй эрсдэлийн хариу арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлага тулгарч байна. Тиймээс 2026 оны төсвийн тэргүүлэх чиглэлийг цаг үеийн нөхцөлтэй уялдуулан дахин эрэмбэлж, төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 оны батлагдсан төсөв хооронд зохицуулалт хийх замаар төсөвт тодотгол хийх шаардлага үүсээд байна.

Энэ удаагийн төсвийн тодотголыг Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгатай уялдуулж, төрийн тэвчиж болох зардал буюу гадаад, дотоод томилолт, тавилга, эд хогшил, зочин төлөөлөгч хүлээн авах, урсгал засвар, багаж, техник хэрэгслийн худалдан авалт зэрэг зардлыг 1.4 их наяд төгрөгөөр бууруулж бууруулан, эх үүсвэрийг иргэдийн орлого, төрийн үндсэн үйлчилгээ, эдийн засаг, нийгмийн нэн шаардлагатай дараах багц арга хэмжээнд чиглүүлэх зарчим баримталлаа.

Нэгдүгээрт, ахмад настны орлогын баталгааг нэмэгдүүлж, тэтгэврийн тогтолцооны шударга байдлыг сайжруулна. Илүү олон жил ажиллаж, илүү их шимтгэл төлсөн иргэн илүү өндөр тэтгэвэр авах зарчмыг бодитоор хэрэгжүүлэх эхний алхам болгож олон давхаргат тэтгэврийн тогтолцооны эхний давхарга болох суурь тэтгэврийг хуулиар тогтоосон 2027 оныг хүлээлгүй, 2026 оны 11 дүгээр сараас олгож эхлэхээр төлөвлөлөө. Үнийн өсөлт болон ирж байгаа өвлийн улирлын үед гарах хэрэглээний зардлыг харгалзан 435.0 мянган ахмад настанд сард дунджаар 220 мянган төгрөгийн суурь тэтгэврийг оны сүүлийн хоёр сард олгоход  зориулж 196.3 тэрбум төгрөг төсөвлөлөө.

Хоёрдугаарт, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн зөрүүг арилгаж, зохицуулалтыг жигдрүүлнэ. 2026 оны эхнээс боловсролын салбарын цалин 50 хувь, эрүүл мэндийнх 30 хувь, шинжлэх ухааных 15 хувиар өссөн боловч үлдэх төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин өсөлтгүй хоцорсон. Иймд энэ оны 11 дүгээр сараас төрийн үйлчилгээний бүх салбарын цалингийн өсөлтийг 2025 оны суурь түвшнээс 50 хувьд хүргэж жигдрүүлэхэд зориулж 166.3 тэрбум төгрөг тусгалаа. Мөн боловсролын салбарын 93.5 мянган багш, ажилтны цалинг оны эцэс хүртэл бүрэн олгоход дутуу байсан 674.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэхээр тооцож байна. 

Гуравдугаарт, хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлнэ. “Гэрт ойрхон сургууль - хамгийн сайн сургууль” бодлогын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ачаалал өндөртэй байршилд барилга түрээслэх, анги танхим тохижуулах, төрөлжсөн ахлах сургууль нэмэгдүүлэх, төрийн бус өмчийн сургуулийн ашиглагдаагүй хүчин чадлыг ашиглах зэрэг арга хэмжээнд 50.0 тэрбум төгрөг төсөвлөлөө. Ингэснээр нийслэл хотод сурч байгаа хүүхдийн 80 хувь нь 30-аас доош анги дүүргэлттэй сургуульд сурах боломж бүрдэнэ.

Дөрөвдүгээрт, өрхийн төсвийг үнийн огцом өсөлтөөс хамгаалж, стратегийн нөөц болон эрчим хүчний найдвартай байдлыг хангаж, иргэдээ үнийн өсөлтөөс хамгаална. Мах, улаанбуудай, хүнсний ногооны нөөц, хадгалалт, нийлүүлэлтийг тогтворжуулахад 150.0 тэрбум төгрөг тусгана.  Тодруулбал, 100 мянган тонн улаанбуудайн нөөц, 20.0 мянган тонн хүнсний ногооны нөөц, 15.0 мянган тонн махны нөөц тус тус бүрдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн, шатахуун хадгалах 300.0 мянган м3 хүртэлх багтаамжтай агуулах сав шинээр барих, өргөтгөх, хүнсний ногооны зоорь барихад дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ нөөцийн махны бүрдүүлэлт, борлуулалтыг цахим төлбөрийн баримтын системд бүртгэж, агуулахын үлдэгдэл болон нөөцийн хөдөлгөөнийг хянах боломж бүрдүүлнэ.

Мөн импортын цахилгааны өртгийн өсөлтийг хэрэглэгчдэд шууд шилжүүлэхгүй байх зорилгоор тарифын алдагдалд 107.3 тэрбум төгрөгийн татаас, эрчим хүчний станц, дамжуулах, түгээх сүлжээний их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг нэмж төсөвлөнө.

Тавдугаарт, төрийн өмчит компаниудын үр ашиг, төсөвт төвлөрүүлэх өгөөжийг нэмэгдүүлнэ. Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдээс нэгдсэн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг 1,613.8 тэрбум төгрөгт хүргэнэ. Мөн төрийн 100 хувийн өмчит хөрөнгө оруулалтын сан байгуулж, төрийн өмчит аж ахуйн нэгжийн хувьцааны 20-оос доошгүй хувийг төвлөрүүлэн, мэргэшсэн удирдлагад шилжүүлж, олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах бэлтгэлийг хангана.

Түүнчлэн, төрийн өмчит компанийн хувьцааг үнэт цаасны анхдагч зах зээлд санал болгохгүйгээр арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгэх, мөн уламжлалт санхүүгийн хэрэгслийг орчин үеийн дэвшилтэт дэд бүтцийг ашиглан олон улсад гарган арилжаалах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Ингэснээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хөрөнгийн үнэлгээ өсөж, иргэдийн эзэмшиж буй 1072 хувьцааны үнэ цэн өсөх боломжтой болно. 

Зургаадугаарт, төсөв болон гадаад санхүүжилтийн эрсдэлийг бууруулна. Байгалийн гамшиг, эдийн засгийн хямралын үед ашиглах санхүүгийн эх үүсвэрийг баталгаажуулах зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 200.0 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл, 250.0 сая ам.доллар хүртэлх нөхцөлт зээлийн шугам байгуулахаар ажиллаж байна. Мөн Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаалах хэмжээг 1.0 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ.  

Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор төсвийн тодотголын хамт 8 дагалдах хуулийн төсөл, Улсын Их Хурлын 2 тогтоолын төсөл өргөн мэдүүлэхээр боловсрууллаа. 

Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд боловсруулсан төсвийн тодотголын үр дүнд 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд төгрөг, нийт зарлага 34.0 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь байхаар тооцлоо.