СУИС-ийн II дамжаанд суралцаж байхдаа ангийнхаа долоон эрэгтэйд хүчирхийлүүлсэн гэх Н.Шинэцэцэг амьдралынхаа хүнд үеийг даван туулсан түүхээ “Чамайг тэвэрье” нэртэй ном болгон бүтээлээ.
Тэрбээр тухайн үедээ 19 настай байсан бөгөөд болсон явдлын талаар олон жилийн турш дуугүй явсан юм. Харин 2020 онд ангийнхантайгаа холбогдож, болсон хэргийн талаар бодит үнэнтэй нүүр тулсан ч өөрийн хүлээж байсан уучлалт, гэмшлийг авч чадаагүй гэдгээ ярив.
Н.Шинэцэцэгийн хэлснээр, олон нийтэд хандахад хамгийн их тавигддаг асуултын нэг нь “Яагаад ийм олон жил болсон юм бэ?” гэх асуулт аж. Энэ асуултад дахин дахин хариулах нь сэтгэл зүйн хувьд хүнд байдаг тул өөрийн туулсан 15 жилийн түүхээ номоор дамжуулан өгүүлэхээр шийдсэн байна.
“Эмэгтэй хүний бие бол ичих зүйл биш. Харин гэмт хэрэг бол ичмээр зүйл. Гэмт хэргээс ичих хэрэгтэй хүмүүс нь гэмт хэрэгтнүүд.”
Тэрбээр тухайн үед өөрийг нь хамгаалах хүн байгаагүй ч өнөөдөр тэр үеийн өөрийгөө тэвэрч, “Чи муухай зүйл туулсан ч амьд үлдсэн. Чиний амьдрал бодит, үүнээс ичиж, нуугдах шаардлагагүй” хэмээн хэлэхийг хүсдэгээ илэрхийлжээ.
Н.Шинэцэцэгийн хувьд хүчирхийллийн хохирогч болсон хүн энэ нууцаа насан туршдаа үүрч, булш руугаа авч явах ёсгүй гэж үзэж байна. Харин гэмт хэрэг үйлдсэн хүмүүс өөрсдийн үйлдлийн хариуцлагыг үүрэх ёстой хэмээн онцолсон юм.
Түүний мэдээлснээр, уг хэрэг 2011 онд гарсан бөгөөд 2020 онд хуулийн байгууллагад хандсан ч хэрэг дөрвөн удаа хаагдсан байна. Ийнхүү хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл тав гаруй жил өнгөрчээ.
Олон нийтийн анхаарал, шаардлагын үр дүнд уг хэргийг шүүхээр хэлэлцэх тов гарсан. Улмаар шүүх хурлын товыг зарласан байсан ч хэрэгт холбогдсон хүмүүсийн санал, хүсэлтэд үндэслэн шүүхийн хэлэлцүүлэг өнөөдөр болно.
Н.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоороо зөвхөн өөрийн туулсан түүхийг бус, хүчирхийллийн дараа олон жил дуугүй явсан хохирогчдод “чи буруугүй, чи ичих ёсгүй” гэсэн мессеж хүргэхийг хүсэж байгаагаа хэллээ.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!