Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан есдүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын хэмжээнд автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой эсэхээс үл хамааран бүх тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжтой.

Харин есдүгээр сарын 2-ноос автомашины улсын дугаарын тэгш, сондгой зохицуулалт хэвийн үргэлжилнэ. Уг зохицуулалт нь бүсчлэл харгалзахгүйгээр нийслэлийн хэмжээнд 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ.

Энэ жилийн хувьд тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орноор нь тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал хэрэгжиж байна.

Тодруулбал, тэгш өдөр улсын дугаарын сүүлийн орон 0, 2, 4, 6, 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл, сондгой өдөр 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.

Есдүгээр сарын 1-ний өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй хэдий ч хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх төлөвтэй байна. Иймд жолооч, зорчигчдыг замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг холбогдох байгууллагаас санууллаа.