Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын хяналт шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Монжура” нэршилтэй тариаг их хэмжээгээр хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ.

Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 18-ны өдөр Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Монгол Улсын гурван иргэний тээшинд гаалийн байгууллагад мэдүүлээгүй эм, эмийн бүтээгдэхүүн илэрсэн байна.

Шалгалтаар 2.5 мг, 5 мг, 7.5 мг-ийн гурван төрлийн нийт 1,483 ширхэг “Монжура” тариа илэрч, саатуулан холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлжээ.

Гаалийн байгууллагын мэдээлснээр, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг худалдах, ханган нийлүүлэх болон арилжааны зориулалтаар импортлох нь зорчигчийн хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэхээс ялгаатай бөгөөд холбогдох зөвшөөрөл, шаардлагыг хангасан тохиолдолд тусгай нөхцөлөөр импортлох боломжтой аж.

Иймд иргэд гадаад улсаас эм, эмийн бүтээгдэхүүн авч зорчихдоо тухайн бүтээгдэхүүн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эсэх, улсын хилээр нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэхийг урьдчилан тодруулж, гаалийн байгууллагад зохих журмын дагуу мэдүүлэхийг Гаалийн ерөнхий газраас анхаарууллаа.