Байгаль дэлхий өнгөө хувиргаж, моддын навчис нэг нэгээрээ шарлан унаж эхэлдэг энэхүү улирал улс төрд ч бас өөрийн гэсэн утга учиртай. Намрын салхинд шарласан навч тэсэж үлдэх үү, эсвэл хийсээд замхарч одох уу гэдэг шиг улс төрийн тавцанд ч хэн үлдэх, хэн унах, хэн байр сууриа хадгалж үлдэх вэ гэдэг асуулт дахин сөхөгдөнө.
УИХ-ын намрын чуулган ийнхүү эхэлж байна.
Энэ бол зүгээр нэг хууль хэлэлцдэг улирал биш. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, гаргасан шийдвэр, амласан амлалтаа дүгнүүлэх, ирэх сонгуулийн өмнөх улс төрийн байр сууриа тодорхойлох, хэн нь бодит үр дүнтэй, хэн нь зөвхөн улс төрийн салхинд хийссэн үгтэй байсныг харуулах цаг.
Өвөл хаяанд ирсэн энэ үед иргэдийн амьдралд инфляц, хүнсний үнэ, эрчим хүч, шатахуун, ипотекийн зээл, өрхийн орлого зэрэг бодит асуудал хамгийн их мэдрэгдэж байна. Харин парламентын танхимд эдгээр асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг нь намрын чуулганы хамгийн том шалгуур байх учиртай.
Намрын салхи навчсыг ялгадаггүй. Харин аль нь шарлаж, аль нь үндэстэйгээ үлдсэнийг цаг хугацаа өөрөө харуулна.
Энэ намар ч мөн адил. Хэн нь бодит ажил хийж, хэн нь амлалтаараа үлдэх вэ, харин хэн нь шарласан навч шиг улс төрийн салхинд хийсээд алга болох вэ?
Үүнийг чуулганы хэдэн сар харуулах биз ээ.
УИХ-ын намрын чуулган эхэлж, индэр дээр ээлжит “түүхэн” үгс хэлэгдэнэ. “Шинэ үе”, “шинэ бодлого”, “ард түмний эрх ашиг”, “эдийн засгийн сэргэлт” гэсэн танил үгс дахин сонсогдоно. Харин иргэдийн зүгээс нэг л асуулт үлдэнэ.
“За, энэ удаа яг юу өөрчлөгдөх вэ, ямар ахиц гарах вэ?”
Учир нь Монголын улс төрд үгний ургац арвин. Харин бодит үр дүнгийн ургац жил бүр л гандчихдаг талтай.
Энэ намрын улс төрийн салхи өмнөх жилүүдийнхээс арай өөр. Иргэдийн халаас нимгэрч, хүнсний үнэ өсөж, эрчим хүчний асуудал өвлийн босгон дээр тулж ирэв.
Монголбанк 2026 оны долдугаар сарын инфляцыг улсын хэмжээнд 13 хувь гэж мэдээлсэн. Инфляцын дарамт нэмэгдсэнтэй холбоотойгоор наймдугаар сарын 12-нд бодлогын хүүг 0.5 нэгж хувиар өсгөж, 12.5 хувьд хүргэсэн. Монголбанк шатахуун, хүнс, зохицуулалттай бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцын гол хэсгийг бүрдүүлж байгааг онцолсон.
Энэ тоог парламентын танхимд сууж буй эрхэм гишүүд зүгээр нэг статистик гэж харах эрхгүй.
13 хувь гэдэг бол айлын хөргөгчин доторх хүнс, сарын орлогынхоо тодорхой хэсгийг зээлдээ өгөөд үлдсэн мөнгөөрөө хүүхдийнхээ хэрэгцээг залгуулах гэж байгаа өрхийн бодит амьдрал.
Өвөл Монголд гэнэт ирдэггүй.
Өвөл ирэхгүй байгаа мэт аашилдаг болохоос цаг хугацааны хувьд бол хаалга тогшоод л зогсож байна. Эрчим хүчний салбарын мэдээллээр 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд дулааны цахилгаан станцуудын 22 зуух, 8 турбингенераторт их болон дунд засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд наймдугаар сарын 31-ний байдлаар нийт засварын гүйцэтгэл 74 хувьтай байжээ.
Нэг тоног төхөөрөмж эвдэрвэл “үлдсэн 26 хувь нь засвартай байгаа” гэж айл өрхөд тайлбарлах боломжгүй.
Тиймээс энэ намрын чуулган дээр хамгийн их яригдах ёстой зүйл нь улс төрийн томъёолол биш, эрчим хүчний бодит найдвартай ажиллагаа байх учиртай.
Өнгөрсөн өвлийн сургамжийг энэ өвөл дахиад давтах уу..Эсвэл “энэ удаа арай гайгүй өнгөрөөсэй” гэдэг монголчуудын уламжлалт залбирал биш, бодит нөөц, бодит хүчин чадал, бодит төлөвлөгөөтэй суух уу?
Нийслэл энэ өвөл гэр хорооллын түлшний бодлогод шинэ зохицуулалт хийхээр бэлтгэж байна. Засгийн газрын мэдээллээр 435 борлуулалтын цэгээр 280 мянган тонн хагас коксон түлш, мөн 120 мянган тонн сайжруулсан шахмал түлш борлуулахаар төлөвлөжээ.
“Түлш яг хэрэгтэй үедээ, хэрэгтэй хэмжээгээрээ, хэрэгтэй үнээрээ ирэх үү?”
Утаа бууруулах бодлого зөв. Гэхдээ түлшгүй айл утаа гаргахгүй байна гэж бодох нь улс төрийн хамгийн муу математик.
Тиймээс энэ асуудлыг зөвхөн “ямар түлш түлэх вэ” гэж харах бус яагаад 2026 онд Улаанбаатарын хэдэн зуун мянган өрх өвлийн дулаанаа нүүрс түлж шийдсээр байна вэ гэдэг асуултаар эхлүүлэх цаг болсон.
Шатахуун бол бас нэг намрын салхи...
Энэ жилийн өөр нэг эмзэг цэг нь шатахуун. Засгийн газрын долдугаар сарын мэдээллээр АИ-92 автобензиний улсын нөөц 17 хоног, дизель түлшний нөөц 23 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэж байжээ. Мөн дэлхийн зах зээлийн нөхцөл болон ОХУ-ын нийлүүлэлтийн бодлоготой холбоотойгоор шатахууны үнийн орчинд өөрчлөлт гарсан байна.
17 хоног...Өвлийн Монголын хувьд энэ бол зүгээр нэг тоо биш.
Шатахуун бол автомашины саванд ордог шингэн төдий зүйл биш. Хүнсний бараа тээвэрлэнэ, нүүрс зөөнө. Малчинд тэжээл хүргэх хот хоорондын автобус явах, хөдөө аж ахуйн техник ажиллах гээд дурдаад байвал дуусахгүй их.
Үнэ өсөж тээвэр удааширна, бараа үнэд орно, тэгээд дахиад л инфляц.
Өөрөөр хэлбэл нэг салбарын асуудал нөгөө салбарынхаа хаалгыг тогшсоор эцсийн үр дүнд өрхийн хаалганд ирнэ.
Харин парламент юу хийх вэ? Эндээс намрын чуулганы жинхэнэ шалгалт эхлэх буй за. Парламентын гишүүдийн хувьд намрын чуулган бол хуулийн төслүүдийн жагсаалт уртсах улирал биш гэдгийг хэн хүнгүй л ухаж ойлгоно байх.
Учир нь иргэдэд шинэ уриа хэрэггүй. Цахилгаан дулаан, шатахуун, тогтвортой үнэ, ажил орлого.. харин улстөрчдөд дахин нэг боломж хэрэгтэй мэт. Ард иргэдээ егөөдөж, сэнхрүүлж сэнсэрч амьдрах нь жам ёс мэт аашлах нь арай дэндүү.. Гэхдээ тэр боломжийг ард түмэн хэдэн удаа өгөх вэ гэдэг нь өөр асуудал.
Монголын улс төрд эрх мэдэлтэй байх хугацаа урт мэт санагддаг л болов уу. Гэтэл сонгууль ойртохоор дөрвөн жил гэдэг дөрвөн улирал шиг хурдан өнгөрдөг. Өнөөдөр танхимд чанга ярьж байгаа гишүүн маргааш сонгогчийнхоо өмнө бөхөлзөн, заримдаа бүр алга хавсран аяар шивнэж тайлбар хийх хэрэгтэй болно.
Өнөөдөр “түүхэн шийдвэр” гэж зарласан хууль маргааш бодит амьдрал дээр чухам үр дүнгээ өгөх ёстой.
Өдөр бүрийн цаг үеийн асуудал, зурагтаар гарсан амлалт, элдэв хувь ажлын гүйцэтгэл, болно оо бүтнэ ээ гэх амлалт айл айлын хөргөгчин дээрх үнийн шошготой өм цөм мөргөлдөнө.
Улс төрийн сурталчилгаа нэг талдаа, бодит амьдрал нөгөө талдаа.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!