"Оюу Толгой" компаниас 2026 оны есдүгээр сарын 3-ны орой гүний уурхайн өргүүрийн ажиллагаа саатсан талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэнтэй холбогдуулан тодруулга гаргалаа.

Тус компанийн мэдээлснээр, есдүгээр сарын 3-ны өдрийн 18:10 цагт уурхайн талбар дахь цахилгааны хуурай салгуурын шугам хооронд шувуу орж, богино залгаа үүссэн байна. Үүний улмаас цахилгааны шугамын автомат хамгаалалт ажиллаж, уурхайн зарим хэсэгт цахилгааны доголдол үүсжээ.

Улмаар гүний уурхайгаас гадарга руу ажилтнуудыг зөөвөрлөдөг өргүүрийн аюулгүйн шаталсан систем идэвхжиж, өргүүр зогссон байна. Ажиллагааг сэргээхэд тодорхой хугацаа шаардлагатай болсон бөгөөд уурхайн холбогдох багууд шуурхай, уялдаа холбоотой ажиллажээ.

Өргүүрт байсан нийт 61 ажилтныг тухайн оройн 23:57 цагт гадарга руу аюулгүй гаргасан бөгөөд ажилтнуудын дунд бэртэж, гэмтсэн хүн байгаагүй байна.

Өргүүр зогссон хугацаанд гүний уурхайн агаарын урсгал хэвийн байсан бөгөөд ажилтнуудтай байнгын холбоо харилцаатай байж, нөхцөл байдалд тогтмол хяналт тавьж ажилласан байна.

Мөн ажилтнуудыг гадарга дээр гарсан даруйд эмч, сэтгэл зүйч нар хүлээн авч, ажилтнууд болон тэдний гэр бүлд шаардлагатай сэтгэл зүйн дэмжлэг, туслалцааг үзүүлж байгаа аж.

"Оюу Толгой" компани ажилтнуудынхаа аюулгүй байдал, эрүүл мэндийг ямагт нэн тэргүүнд тавьдаг гэдгийг онцлоод, болсон үйл явдлын шалтгаан, нөхцөлийг нарийвчлан судалж, шаардлагатай сайжруулалтуудыг авч хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.