Нийслэлийн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Ерөнхий боловсролын 68 дугаар сургууль болон 304 дүгээр цэцэрлэгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу тус байршилд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нийслэлийн Хяналт шалгалтын газраас гүйцэтгэлийн хяналт хийлээ.

Хяналт шалгалтын хүрээнд “Оүшн-Оюу” ХХК, “Опту” ХХК, “Вишндевелопмент” ХХК, “Топсет Хоум” ХХК, “Пинк товер” ХХК, “Эзэн АСБТ” ХХК-д сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг холбогдох норм, стандартын шаардлагад нийцүүлэх тухай улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлагыг нийслэлийн Хяналт шалгалтын газраас есдүгээр сарын 2-ны өдөр хүргүүлсэн. Уг албан шаардлагын хэрэгжилтийг шалгах зорилгоор 14 хоногийн дараа гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд зарим аж ахуйн нэгж албан шаардлагад заасан зөрчил, дутагдлыг бүрэн арилгаагүй нь тогтоогдлоо.

Энэ талаар нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга Б.Аз “Зарим компани сургууль, цэцэрлэгийн орц, гарцыг нээж чөлөөлөх, явган хүний зам гаргах, гудамж, талбайн гэрэлтүүлгийг шийдвэрлэх зэрэг шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй байна. Албан шаардлагын биелэлт хангалтгүй, сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг холбогдох норм, стандартын дагуу бүрэн хангаагүй ажиллаж байна. Иймд илэрсэн зөрчил, дутагдалд холбогдох хууль тогтоомжийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг бүрэн арилгаж, сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг зохих шаардлагын дагуу хангуулах хүртэл барилга угсралтын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авна” гэлээ.

Нийслэлийн Хяналт шалгалтын газар цаашид сургууль, цэцэрлэгийн хүүхдийн аюулгүй байдал, эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг хангах чиглэлээр хяналт шалгалтыг үргэлжлүүлж, холбогдох хууль тогтоомж, норм, стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллах юм.