Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаараа инфляц, эдийн засгийн өсөлт, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв болон эрсдэлийг харгалзан үзэж, бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргав.

Жилийн инфляц 2026 оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд өмнөх сараас 0.5 нэгж хувиар буурч, 12.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 1.4 нэгж хувиар буурч, 11.6 хувь боллоо.

Инфляц өмнөх сараас буурахад мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэж, дотоодын хүнсний үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлсөн байна. Мөн суурь инфляц 8 дугаар сард 6.8 хувь болж, өмнөх сараас бага зэрэг буурлаа.

Гэсэн хэдий ч шатахууны үнийн өсөлт болон түүний дам нөлөө, дэлхийн хүнсний үнийн өсөлт, төсвийн зардал, цалингийн өсөлт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан инфляц нэмэгдэх эрсдэл хэвээр байна.

Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний хагаст 7.7 хувиар өсөхөд уул уурхай, тээврийн салбар гол хувь нэмэр оруулсан бол бусад салбарын идэвхжил харьцангуй сул хэвээр байна.

Энэ онд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын өсөлт саарах төлөвтэй байгаа бол уул уурхай, тээврийн салбарын өсөлт өнгөрсөн оноос эрчимжиж, худалдааны салбарын өсөлт эерэг байх хүлээлттэй байна. Бизнесийн зээлийн өсөлт харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж байгаа бөгөөд ирэх онд уул уурхайн бус салбарын өсөлт алгуур нэмэгдэх төлөвтэй байна.

Олон улсын эдийн засгийн орчинд тодорхой бус байдал өндөр хэвээр байна. Ойрх Дорнодод үүссэн зөрчилдөөнөөс шалтгаалан газрын тос, эрчим хүчний үнэ өсөж, дэлхий даяар инфляцын дарамт нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

Нөгөө талаас дэлхийн зах зээл дэх алт, зэсийн үнэ хүлээлтээс өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь Монгол Улсын худалдааны нөхцөлд эергээр нөлөөлж байна. Үүний зэрэгцээ гадаад валютын нөөцийн хүрэлцээт байдал сайжирч, төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байна.

Инфляц ирэх оны хоёрдугаар улирлаас алгуур саарч, 2027 оны эцэст зорилтын дээд интервалын орчимд хүрэх төлөвтэй байна.

Мөнгөний бодлогын хороо инфляцын цаашдын төлөв болон эдийн засгийн идэвхжилийг харгалзан үзэж, энэ удаагийн хурлаар бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Гэхдээ энэ оны төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн төсөл хэрхэн батлагдах нь инфляцын цаашдын төлөвт томоохон өөрчлөлт оруулах эрсдэлтэй байна.

Цаашид инфляцын өрнөл, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, гадаад болон дотоодын эдийн засгийн нөхцөл байдлын өөрчлөлтөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ гэв.