Баян-Өлгий аймагт сүүлийн үед үүсэж буй нийгмийн талцал, үндэстэн хоорондын харилцаа холбоотой асуудлаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст (ХЭҮК) иргэдээс гомдол ирүүлжээ.

Тодруулбал, 15 иргэнээс нийт 17 гомдол, мэдээлэл ХЭҮК-т ирсэн байна. Тэдгээрт Урианхай, Тува, Казах иргэдийн хоорондын харилцаа, нийгэмд үүссэн гэх хуваагдал болон хүний эрхийн асуудлуудыг хөндсөн байна.

Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу ХЭҮК холбогдох шалгалтыг хуульд заасан журмын хүрээнд явуулж байгаа аж. Шалгалтын явцад хууль, хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн асуудлыг холбогдох байгууллагад шилжүүлэн ажиллаж байгаа талаар мэдээллээ.

Тус аймагт үүссэн нөхцөл байдал сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татаж, цахим орчинд янз бүрийн байр суурь, мэдээлэл тархаад байгаа юм. Баян-Өлгий аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдлыг газар дээр нь үнэлж, бодит нөхцөл байдлыг тодруулах зорилгоор ХЭҮК-ийн ажлын хэсэг ажиллаж эхэлсэн байна.