40 дэх удаагийн Үндэсний номын баяр өнөөдөр буюу есдүгээр сарын 18-нд эхэлж, энэ сарын 20-ныг хүртэл гурван өдрийн турш зохион байгуулагдана.

Энэ удаагийн номын баяр нь Үндэсний номын баяр үүсэж хөгжсөний 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.

“Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүр хавар, намар зохион байгуулдаг тус баярын хүрээнд номын үзэсгэлэн, худалдаа, зохиолч, орчуулагчдын уулзалт, шинэ бүтээлийн нээлт, гарын үсгийн өдөрлөг зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн номын соёлыг түгээн дэлгэрүүлэх, уншигчдыг зохиолч, уран бүтээлчидтэй ойртуулах, ном унших дадлыг дэмжихэд чиглэсэн олон арга хэмжээ болох юм.

Энэ жилийн баярт гадаадын ном, хэвлэлийн салбарын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Тухайлбал, Энэтхэгийн “Aazhi” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Сэнтил Натан, Японы зурагт номын зохиолч Хоса Сачиёо, Ито Хироши, Киргизийн зохиолч, сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн Султан Акимович Раев нар Монгол Улсад анх удаа хүрэлцэн ирж, уншигчидтай уулзахаар болжээ.

Ийнхүү 40 дэх удаагийн Үндэсний номын баяр өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш үргэлжилж, номын салбарынхан, зохиолч, уран бүтээлчид болон уншигчдыг нэг дор цуглуулах юм.