Олон улсын хараагүйчүүдийн спортын холбоо (IBSA)-ноос зохион байгуулсан пара жүдогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн багийн төрөлд Монголын жүдочид хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн багийн төрөлд нийт 11 улсын тамирчид өрсөлдсөн бөгөөд Монголын шигшээ баг “А” хэсэгт Турк, Японы багтай учраа таарсан юм.
Монголын баг хэсгийн шатанд Япон болон Туркийн багийг тус бүр 4:3-аар ялж, хагас шигшээд шалгарсан байна. Улмаар хагас шигшээд Гүржийн багтай барилдаж, 0:4-өөр ялагдсанаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Молдавын багтай өрсөлдөхөөр болсон.
Хүрлийн төлөөх барилдаанд хоёр багийн тамирчид тус бүр гурван ялалт байгуулж, 3:3-аар тэнцсэн байна. Ийнхүү шийдвэрлэх нэмэлт барилдаанд Г.Чулуунсүх өрсөлдөгчөө ялж, Монголын багт ялалт авчирснаар дэлхийн аваргын хүрэл медалийн эзэд болжээ.
Эрэгтэйчүүдийн багийн төрөлд Гүржийн баг алтан медаль, ОХУ-ын баг мөнгөн медаль хүртсэн бол Монгол болон Францын баг хүрэл медаль хүртсэн байна.
Харин эмэгтэйчүүдийн багийн төрөлд нийт долоон улсын баг өрсөлдөж, БНХАУ-ын баг алтан медаль, ОХУ-ын баг мөнгөн медаль хүртсэн бол Бразил болон Туркийн баг хүрэл медалийн эзэд болжээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!