ОХУ-ын Эрхүү хотын нийт таван эмнэлэгт есдүгээр сарын 30-наас хойш хөл хорио тогтоогоод байна. Эмч, эмнэлгийн ажилтан, өвчтөнүүдээс удаа дараа шинжилгээ авч, эрүүл мэндийн байдлыг нь хянаж байгаа бөгөөд эмнэлгүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлсэн талаар Оросын дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлэл өглөө.

Тэрбээр “ОХУ-ын талаас ‘Уушгины хурц хатгаа өвчнөөр нэг хүн нас барсан. Тахлын хэмжээнд хүрээгүй’ гэсэн албан бичиг ирсэн. 28 настай эмэгтэй нас барсан нь үнэн. Түүний ойрын хавьтлын 200 орчим хүнийг тусгаарлан ажиглаж байгаа гэсэн мэдээлэл ирсэн” гэв.

Монгол Улс ОХУ-аас хилээр нэвтэрч буй иргэдэд эрүүл мэндийн асуумж, деклараци бөглүүлж, термокамераар халууныг нь хэмжиж байгаа аж. Мөн халууралт илэрсэн иргэдийг хүлээн авах тусгаарлах байр бэлэн болгосон байна.

Мөн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сувилагчтай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн сайд тайлбар өглөө. Тус эмнэлэг нь Эрүүл мэндийн яамны харьяанд бус, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд шууд үйл ажиллагаа явуулдаг байна.

Сувилагчийг өдрийн 16:00 цагийн орчимд ухаан алдсан байдалтай олсон бөгөөд урьдчилсан байдлаар өөртөө наркозын төрлийн тариа хийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Түүний амь нас одоогоор хэвийн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа талаар мэдээллээ.