Өглөөний цайгаа ууж, утсаа шалгаж, ажлаа амжуулах гэж яарсаар нэг мэдэхэд өдрийн тал нь өнгөрсөн байдаг. Харин бид өглөө бүр ердөө таван минутыг өнөөдөр хийх зүйлсээ бичиж төлөвлөхөд зориулбал өдөр өөрчлөгдөх болов уу?
Сэрүүлэг дуугарна. Нүдээ нээхтэй зэрэгцэн утсаа авч, ирсэн мессежээ шалгана. Өнөөдөр амжуулах ажил, уулзалт, хариу өгөх хүн, дуусгах ёстой даалгавар гээд бодох зүйлс аль хэдийн толгойд эргэлдэж эхэлнэ. Өглөөний тайван мөч ийнхүү өдрийн ажлын тухай бодлоор солигддог.
Бид заримдаа завгүй байгаагаа олон ажил амжуулж байгаагийн илрэл гэж боддог. Гэвч өдөржин завгүй гүйсэн хэр нь хамгийн чухал ажлаа хойшлуулсан байх нь бий. Тэгвэл асуудал нь цаг хугацаа хүрэлцэхгүй байгаадаа бус, харин юунаас эхлэхээ мэдэхгүй байгаад оршдог юм биш биз?
Өглөөний төлөвлөгөө гэдэг нь хийх ажлаа цаасан дээр жагсаах төдий зүйл биш. Энэ бол тухайн өдрийнхөө анхаарлыг юунд хандуулах, юуг түрүүлж хийх, юуг дараа нь амжуулах вэ гэдгээ өөртөө тодорхойлох үйл явц юм.
Чухлаас чухлын дараалал…
Сэтгэл судлалд зорилгодоо хүрэхийн тулд зөвхөн хүсэл, зорилго тавих бус, түүнийг хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөө гаргахын ач холбогдлыг судалдаг. Үүнийг “implementation intentions” буюу зорилгоо хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөөний арга гэж нэрлэдэг.
2006 онд сэтгэл судлаач Питер Голлвицер, Паскал Ширан нарын хийсэн мета-анализ судалгаанд 94 бие даасан туршилтын үр дүнг нэгтгэн шинжилжээ. Судалгаагаар хүн зорилгодоо хэзээ, хаана, хэрхэн хүрэхээ урьдчилан тодорхойлох нь зорилгоо биелүүлэхэд дунд болон түүнээс дээш хэмжээний эерэг нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон байна.
Эндээс нэг чухал санаа харагдана. “Өнөөдөр ажлаа сайн хийнэ” гэж бодохоос илүү “Өглөөний 09:00 цагт хамгийн чухал ажлаа эхлүүлнэ” гэж тодорхойлох нь зорилгоо бодит үйлдэл болгоход илүү тустай байж болно.
Таван минутын төлөвлөгөө өдөрт юу өөрчилж чадах вэ?
Өглөө бүр хийх ажлаа бичихэд бүх асуудал шийдэгдэж, өдөр бүр амжилттай болно гэсэн үг биш. Гэхдээ бодож санах зүйлсээ цэгцэлж, эхлээд юунд анхаарахаа шийдэхэд тусална.
Тухайлбал, тухайн өдөр хийх арван ажлаа эрэмбэлэхгүйгээр толгойдоо хадгалбал алийг нь эхэлж хийхээ шийдэхэд цаг алддаг. Харин тэдгээрээс хамгийн чухал гурван ажлаа сонгож бичвэл анхаарлаа төвлөрүүлэхэд дөхөм болно.
Энэ үед ажлаа жагсаахаас гадна түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг тодорхойлох хэрэгтэй. “Ном уншина” гэж бичихийн оронд “Өглөөний цайны дараа 15 минут ном уншина” гэж төлөвлөх нь илүү бодитой. “Дасгал хийнэ” гэхийн оронд “Ажлаа тараад 30 минут алхана” гэж тодорхойлж болно.
2021 онд “Frontiers in Psychology” сэтгүүлд нийтлэгдсэн мета-анализ судалгаанд 15,907 оролцогчийг хамарсан 21 судалгааны үр дүнг нэгтгэхэд зорилгоо хэрэгжүүлэх төлөвлөгөөг бодит үйлдэлтэй хослуулах арга нь зорилгодоо хүрэхэд багаас дунд хэмжээний эерэг нөлөөтэй байжээ. Гэхдээ үр нөлөө нь тухайн хүний нөхцөл байдал болон төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж байгаагаас шалтгаалж болохыг судлаачид тэмдэглэсэн байна.
Өөрөөр хэлбэл, төлөвлөгөө бичсэнээр ажил автоматаар бүтэхгүй. Харин юунаас эхлэхээ мэддэг болсноор эхний алхмаа хийхэд хялбар болж болно.
Өглөө бичсэн жагсаалтынхаа бүх ажлыг орой гэхэд дуусгаж чадахгүй байх үе бий. Төлөвлөсөн ажилд гэнэтийн даалгавар нэмэгдэх, цаг хугацаа өөрчлөгдөх, эсвэл тухайн өдөр эрч хүч хүрэлцэхгүй байх нь хэвийн үзэгдэл.
Тиймээс төлөвлөгөө бол өөрийгөө шахах хэрэгсэл биш, харин өдөртөө чиглэл өгөх арга байх ёстой.
Хийж амжаагүй ажлаа хараад өөрийгөө буруутгахын оронд яагаад амжуулаагүйгээ эргэцүүлж, маргаашийн төлөвлөгөөгөө тохируулах нь илүү үр дүнтэй. Бүх ажлыг амжуулахыг зорихоос илүү хамгийн чухал ажлаа ахиулсан эсэхээ анзаарах нь чухал.
Мөн төлөвлөгөөгөө заавал гоё дэвтэрт, өнгө өнгийн үзгээр бичих шаардлагагүй. Энгийн цаас, тэмдэглэлийн дэвтэр эсвэл утасны тэмдэглэл байхад хангалттай. Гол нь өөрт тохирсон аргаа тогтмол ашиглах юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!