Монгол орны нийт нутгийн 20 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Цасны хэмжээ Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хамгийн их буюу 21 см-ээс давжээ.

Цаг уурын байгууллагын аравдугаар сарын 31-ний өдрийн хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр Увсын Малчин, Завханы Тэс суманд 11 см, Дархан-Уул аймгийн ихэнх нутаг болон Завханы зарим, Баян-Өлгий, Увс, Архангай, Хөвсгөлийн цөөн суманд 6-10 см зузаан цастай байна. Харин бусад нутгаар 1-5 см цасан бүрхүүл тогтжээ.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгийн 50 орчим хувьд олон жилийн дунджийн орчим болон түүнээс 1.1 хэмээр дулаан байв. Харин Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр аймгийн нийт нутаг, Ховд, Завхан, Баянхонгорын ихэнх болон бусад аймгийн зарим суманд олон жилийн дунджаас 1.1-4.4 хэмээр хүйтэн байжээ.

Түүнчлэн хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд олон жилийн дунджаас бага буюу дунджийн орчим орсон байна. Харин Завханы ихэнх, Баянхонгор, Сэлэнгэ, Төв, Дорноговийн зарим болон бусад аймгийн цөөн суманд дунджаас ахиу хур тунадас оржээ.

Цасны нягтын хувьд Баян-Өлгий аймгийн Сагсай, Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан суманд хамгийн их буюу 0.20-0.29 г/см³ хүрсэн байна.

Мөн өнгөрсөн арав хоногт тал хээр, говийн ихэнх нутгаар салхины хурд түр зуур 16-27 м/с хүрч, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрчээ.

Түүнчлэн Говь-Алтайн Бугат, Баянхонгорын Баянцагаан, Сэлэнгийн Орхонтуул, Төвийн Аргалант, Дундговийн Мандалговь, Цагаандэлгэр, Сайхан-Овоо, Өлзийт, Луус, Дорноговийн Дэлгэрэх, Өмнөговийн Цогт-Овоо суманд салхины хурд 28-32 м/с хүрч, гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

Эх сурвалж: Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл