УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Б.Баатарбилэг өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. 


Тус хуулийн төсөл өргөн баригдсантай холбогдуулан нэр бүхий улстөрчдийг  зээлийн сангаас авсан зээлээ эргэж төлөөгүй гэх асуудал хөндөгдсөн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тус сангаас авсан зээлээ эргэн төлсөн талаараа цахим хуудастаа мэдээлжээ. 


Тэрбээр “Ж.Энхбаяр боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлсөн үү? гэж олон хүн асуулаа. Миний бие 20 орчим жилийн өмнө Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн 30 орчим хувь буюу 6000 доллар зээлэн гадаад улсад суралцсан. Сургуульдаа амжилттай суралцаж ирээд 2007 онд зээлийг эргүүлэн бүрэн төлж дуусгасан. Уг нь журмандаа бол 5 жил улсын байгууллагад ажиллаж, нийгмийн даатгал төлсөнөөр зээл хаагдах байв. Та бүхэнд зээл төлсөн банкны баримт болон зээлгүй гэсэн тодорхойлолт хүргэж байна” гээд баримтыг хавсаргасан байна.