​ ТӨСӨВ: Хөрөнгийн зах зээлийг дэмжиж, хөдөө орон нутгийн төрийн албан хаагчдын цалин 2 дахин нэмэгдэнэ

Админ
2022/10/11

Манай улсын хөрөнгийн зах зээл өнгөрсөн жил дэлхийд цахиур хагалсан. 30 жилийн түүхтэй Монголын Хөрөнгийн Бирж хагас жилийн хугацаанд 1.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, зах зээлийн хувьцааны арилжаа 119.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад 6.5 дахин өндөр үзүүлэлт байсан билээ.   Манай улсын эдийн засаг, санхүүгийн зах зээл ийн хөгжиж, дэлхийн бусад улс орнуудын зах зээлтэй улам бүр холбогдохын хэрээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах сонирхол ч ихээр нэмэгдэж буй. 

Энэ хэрээр  манай улсад үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн зохицуулалтыг улам бүр боловсронгуй болгох, оролцогч байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг сайжруулах, эрх зүйн орчныг цаашид төгөлдөржүүлэх шаардлага тулгарч байна.

Ирэх оны төсөвт хөрөнгийн зах зээлийн салбарт урьд өмнө байгаагүй реформын шинжтэй шинэчлэлүүд цөөнгүй хийгджээ. Ялангуяа хөрөнгийн зах зээлийн салбарт. Тодруулбал, гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг нэмэх, үнэт цаасны зах зээлийн таатай орчныг бий болгох зорилгоор ашигт малтмалын лиценз эзэмшдэггүй, Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж үнэт цаасны зах зээлд нээлттэй арилжих хувьцаанд хөрөнгө оруулсан этгээдийн ногдол ашигт /гадаад 20 хувь, дотоод 10 хувь/ суутгадаг татварыг 5 хувь болгон бууруулжээ. 

Давааны цаана даваа гэдэг шиг хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргахын тулд тухайн ААН олон шалгуур хангадаг. Гэвч тэрхүү хувьцаанд нь хөрөнгө оруулсан этгээдийн ногдол ашгаас багагүй хэмжээний татвар суутгачихдаг байсан нь хөрөнгийн зах зээлд оролцогчдын сонирхлыг тэр хэрээр бууруулдаг байсан нь бодит үнэн.


Түүнчлэн ирэх оны төсөвт Хөрөнгийн оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжиж, 10, 25 хувийн татварыг нь тэглэх, Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийг IPO хийж, нээлттэй хувьцаат компани болохыг дэмжих зорилгоор IPO гаргахтай шууд холбогдон гарах зардлыг 20 хувиар нэмэгдүүлж, aж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасаж тооцохоор зорьж байна. Хөрөнгө оруулалтын сан бол хөрөнгийн зах зээлийг иргэдтэй холбох том гүүр. Хэдийгээр манайд энэ төрлийн санхүүгийн хэрэгсэлийг зохицуулсан хууль байдаг ч өнөө хүртэл бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүй байгаа нь татвартай шууд холбоотой. Хөгжиж буй зах зээлийн хөрөнгө босголт болоод олох ашиг нь бага. Тиймдээ ч дээрх шийдвэрүүд хөрөнгийн зах зээлд  бодитой хувь нэмэр оруулах нь гарцаагүй байна. 

Саяхан Төрийн банк өөрсдийн бизнесийг 442.2 тэрбумаар үнэлж, 5 хувиа олон нийтэд санал болгосон. Улмаар  анхдагч зах зээлийн арилжааг явуулж, захиалга нь 304,5 хувиар биелэсэн. Энэ нь хөрөнгийн зах зээл эрэлт ихтэй байгааг илтгэсэн томоохон алхам болсон бөгөөд эрх зүйн орчныг нь сайжруулчихвал зах зээлийн тэлэлт улам өргөжихийг баталсан үйл явдал болсон билээ.

Ирэх оны төсөвт ийнхүү хөрөнгийн зах зээлийн дэмжсэн бодлого цөөнгүй суусан бол хотоос хөдөө чиглэх урсгалыг багасгах, орон нутагтаа илүү сайхан амьдрах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төсөв нэгэн томоохон шинэчлэлийг шигтгэжээ.

Энэ шинэчлэл нь орон нутагт, тэнд ажиллаж амьдарч буй хүмүүсийн ахуй амьжиргаанд шууд болон шууд бусаар наалдах хэмжээний бодит дэмжлэг, хөрөнгө оруулалт болж очихоор харагдаж байна.  Тодруулбал, ирэх жилээс уул уурхайн компаниудын тухайн орон нутагт өгдөг хандив, тусламжийг Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр болгохоор тусгажээ. Өмнө нь уул уурхайн аль компани нь хэдийг өгсөн, хэзээ, юунд, яаж зарсан нь "олддоггүй". Баримт нотолгоо нь үлддэггүй байлаа.

Жишээ дурдахад, 2020 онд уул уурхайн компаниудын орон нутагт өгсөн нийт хандив, тусламж, гэрээний дүн нь 75.5 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ бол ганцхан жилийн дүн. Гэвч энэ их мөнгө хаашаа орсон, хаана зарцуулагдсан нь тодорхой бус. Харамсалтай нь орон нутаг яг тэндээс нь хожсон уу, наалдсан уу гэвэл бас л сэтгэл гонсоймоор үр дүн гарна.  Тэр их мөнгө найр наадам болоод үрэгдсэн үү, унаа тэрэг рүү хөрвөөд арилсан уу, байр сав руу хувираад одсон уу, хэн ч үл мэднэ.

Тэгвэл иргэдэд нээлттэй бус хаалттай байсан далд эдийн засаг ирэх жилээс ил болох нь. Сүржин нэртэй иргэний хөдөлгөөн, явцуу ашиг сонирхол бүхий этгээдийн халаас руу ордог байсан  уул уурхайн компаниудын тухайн орон нутагт өгдөг хандив, тусламжийн мөнгө тухайн орон нутагт нь, орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрт бүртгэх, ил тод тайлагнах, хянах, зарцуулалт нь тодорхой болох шинэчлэл ирэх  оны төсвийн жилээс мөрдөгдөхөөр байна.

Өөрөөр хэлбэл, уул уурхайн компаниудаас нийгмийн хариуцлагын хүрээнд өгөөд байдаг тэр хандив дэмжлэг нь эргээд орон нутгийн тулсан асуудлыг шийдэхэд зарцуулагдах нь. Цаашлаад тухайн  орон нутаг, уул уурхайн компани, нутгийн иргэд хоорондын тэмцэл, маргаан, зөрчил зөрөлдөөн арилах, үл ойлголцол, учир начир тайлагдах суурь нь тавигдахаар байна.

Ийнхүү орон нутаг нь сангаараа дамжуулж хөрөнгө босгох эх үүсвэртэй болсон бол алба хаагчдад ч гэсэн цалингийн нэмэлт систем нэвтрүүлэхээр төсөвт суусныг энд онцолъё.

Төрийн захиргааны албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн нэмэгдлийг 20 хувиар тооцож олгох аж. Мөн тухайн орон нутаг эдийн засгийн нөөцөө боломжит дээд хэмжээгээр ашигласан, орлогоо давуулан биелүүлсэн бол орон нутгийн удирдлага нь төрийн албан хаагчдынхаа цалинг 80 хүртэл хувиар нэмэгдүүлэн олгох эрх зүйн орчныг бий болгохоор тусгажээ. Үүний үр дүнд хөдөө, орон нутагт ажиллах төрийн албан хаагчийн цалин 2 дахин нэмэгдэх боломжтой болно гэж тооцож байна.

Мөн орон нутагт шилжин суурьших иргэд болон анх удаа орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдаж байгаа орон нутгийн иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн 3 хувийг эхний гурван жилийн хугацаанд Засгийн газраас хариуцахаар зохицуулалт хийжээ.

 Орон нутагт ирэх онд ашиглалтад орох орон сууцны тоотой уялдуулж, 2023 онд нийт 5,600 иргэнд дээрх зээлийг олгохоор тооцож, хүүгийн зөрүү буюу төрөөс хариуцаж төлөх 8.0 тэрбум төгрөгийг улсын төсвийн төсөлд тусгасан байна. Түүнчлэн, орон нутагт олгох ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд тус сангаас урьдчилгаа төлбөрийн батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдээд байна.

Ийнхүү ирэх оны төсөв хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжиж, хот хөдөөгийн ялгааг арилгахад томоохон дэвшилттэй заалтууд тусгагдсан байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна