Ши Жиньпин Украины Ерөнхийлөгчтэй утсаар ярилаа

Админ
2023/04/27

БЭЭЖИН. /CCTV/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй өнөөдөр утсаар ярилаа. Хятадын Төв телевизээр мэдээлснээр, талууд хоёр талын харилцааны талаар хэлэлцэж, Украины нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцсон байна. 

Ши Жиньпин В.Зеленскийтэй ярилцахдаа, Украинд аль болох ойрын үед гал зогсоох талаар Хятад улс хүчин чармайлт гаргана гэж мэдэгджээ. “Хятад улс яриа хэлэлцээний үйл явцад болон аль болох ойрын үед  гал зогсооход чиглэсэн хүчин чармайлтад шийдвэртэй дэмжлэг үзүүлнэ” гэж Хятадын удирдагч хэлсэн байна. 

Тэрбээр цааш нь, яриа хэлэлцээ бол мөргөлдөөнөөс гарах цорын ганц боломжит арга зам мөн гэдгийг онцлон дурджээ. Цөмийн дайнд ялагч гэж байдаггүй, бүгдээрээ хүлээцтэй байх ёстой гэж Ши Жиньпин хэллээ. 

Хятад улс хямралыг зохицуулахын тулд тусгай элч төлөөлөгчөө Украин руу илгээхээр болсныг БНХАУ-ын дарга мэдэгджээ. “Евразийн асуудал хариуцсан БНХАУ-ын Засгийн газрын тусгай төлөөлөгчийг Украин болон бусад улс руу илгээнэ" гэж Ши Жиньпин мэдэгдэв. Тусгай элч айлчлалынхаа үеэр "Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах асуудлыг бүх сонирхогч талтай нарийвчлан ярилцахаар төлөвлөж байна" гэж Хятадын удирдагч онцоллоо.

Хятад Украины хямралыг зүгээр ажиглаад суухгүй, гэхдээ гал дээр тос нэмэхгүй гэж Ши Жиньпин хэлжээ. 

Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский твиттер хуудсандаа БНХАУ-ын даргатай утсаар ярьснаа мэдээлээд “Ши Жиньпинтэй гүн гүнзгий утга агуулгатай яриа өрнүүллээ” гэжээ. “Би Хятадын удирдагч Ши Жиньпинтэй утсаар урт бөгөөд гүн гүнзгий агуулгатай яриа өрнүүллээ. Энэхүү яриа болон Хятад улсад суух Украины Элчин сайдыг томилсон нь манай хоёр орны харилцааны хөгжилд хүчтэй түлхэц өгнө гэдэгт итгэж байна" гэж Украины удирдагч бичжээ.

Хятад, Украины удирдагчид хамгийн сүүлд 2022 оны нэгдүгээр сарын эхээр холбоо барьсан бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан баярын цахилгаан утас солилцсон байна.   

ЭХ СУРВАЛЖ: https://montsame.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна