The Telegraph: III Карлыг хаан ширээнд залах ёслолд БНХАУ-ын дэд дарга оролцох уу?

Б.Ариунзаяа
2023/04/28

ЛОНДОН. /The Telegraph/. III Карлыг хаан сэнтийнд залах ёслолын ажиллагаанд  БНХАУ-ыг төлөөлж дэд дарга Хань Жэн оролцохоор болбол дипломат дуулиан дагуулж магадгүй.

Бээжин энэ ёслолын ажиллагаанд Хань Жэнийг явуулна гэж бодож байна гэж Хятадын Гадаад хэргийн яамны ажилтан  "The Telegraph" сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ. БНХАУ-ын дарга  Ши Жиньпинд албан ёсны урилга илгээсэн.  Ёслолын протоколын журмын дагуу урилга хүлээн авсан тухайн төрийн удирдагч өөрийнхөө оронд төлөөлөгчөө ёслолын ажиллагаанд илгээж болдог.

БНХАУ-ын дэд даргын албан тушаалд нэг сарын өмнө томилогдсон Хань Жэн нь сүүлийн 5 жилийн турш Хонконгийн талаарх эх газрын Хятадын бодлогыг хариуцаж байсан аж. Уг бодлогыг Лондон хатуу шүүмжилж улмаар Британи-Хятадын харилцаа муудахад хүргэсэн тул Ши Жиньпиний сонгосон төлөөлөгч асуудал дагуулж болзошгүй юм.

“Ардчиллын төлөө тайван жагсаал зохион байгуулсан хүмүүсийг Хонконгийн эрх баригчид мөрдөн хавчих ажиллагаа  явуулж, Хятад-Британийн хамтарсан тунхаглал  (1984 онд байгуулсан Хонконгийг БНХАУ-д шилжүүлэх тухай)  нэртэй олон улсын гэрээг зөрчсөн явдлыг энэ хүн хариуцна. Ийм зүйл хийсэн хүнийг Лондонд болох ёслолын ажиллагаанд оролцуулахаар хүлээн авна гэхээр санаанд багтахгүй байна” гэж Их Британийн эрх баригч Консерватив намын дарга асан Иан Дункан Смит тус сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

III Карлыг хаан ширээнд залах ёслолын ажиллагаанд  Хань Жэнийг төлөөлөгчөөр оролцуулах болбол Их Британйин “эрх чөлөөг эрхэмлэгч ард түмнийг доромжилж буй хэрэг болно” гэж Консерватив намаас сонгогдсон парламентын гишүүн Тим Лафтон мэдэгджээ. Түүнийг энэ ёслолын ажиллагаанд  оролцуулахыг Сайд нарын танхимын гишүүн асан Саймон Кларк мөн эсэргүүцжээ. Букингеймийн ордон энэ асуудлаар тайлбар өгөхөөс түдгэлзсэн аж.

Бээжингийн асуудлаарх Лондонгийн бодлогын талаар  өргөн цар хүрээг хамарсан мэтгэлцээний  дараа Хан Жэний айлчлалын талаарх маргаан өрнөөд байна. Их Британи улс үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьж,  хэрвээ Бээжин "олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчвөл", уг асуудлыг нээлттэй  шүүмжилж байж Хятадтай хийх хүйтэн дайнаас сэрэмжлэн, Хятадтай харилцаагаа хадгалж, хөгжүүлэх шаардлагатай гэж Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли дөрөвдүгээр  сарын 26-нд тавьсан илтгэлдээ дурджээ.  Гадаад хэргийн сайдын энэ мэдэгдэлд  эрх баригч намын хэд хэдэн парламентын гишүүн дургүйцлээ илэрхийлж, Хятад улсыг Их Британид заналхийлж байгааг албан ёсоор зарлаж, цаашид Хятад улстай  илүү болгоомжтой харилцахыг шаардсан аж.

Эх сурвалж: https://montsame.mn


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.165
    2023/04/28

    Оросуудаас бусад бүх дэлхий Чарлиз гэдэг

    Хариулах