ДБ: Хиймэл оюун ухаан таван жилийн дотор бүх ажлын байрны дөрөвний нэг орчимд нөлөөлнө

Б.Ариунзаяа
Өчигдөр 09 цаг 17 минут

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Хиймэл оюун ухааны технологийн хурдацтай хөгжил хүн төрөлхтөнд шинэ боломжуудыг авчирч байгаа хэдий ч ялангуяа хөдөлмөрийн зах зээлд шинэ эрсдэлүүдийг бий болгож байгаа талаар Дэлхийн банкны /ДБ/ тайланд мэдээлжээ. 

Тодруулбал, ирэх таван жилийн хугацаанд хиймэл оюун ухааны технологи нь дэлхийн хөдөлмөрийн зах зээл дэх бүх ажлын байрны дөрөвний нэг орчмыг өөрчлөх гэнэ. Түүнчлэн тоон технологи нэвтрүүлэх, цэвэр эрчим хүчинд шилжих, нийлүүлэлтийн сүлжээг дахин хуваарилах үйл явц ажлын байрт нөлөөлөх аж. 

ДБ-ны судалгаанд оролцсон 800 компанийн 75 орчим хувь нь ирэх таван жилд хиймэл оюун ухааны технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Тэдний тооцоолсноор, улмаар 26 сая хүртэлх ажлын байр цомхотголд орох бөгөөд нярав, нягтлан бодогч зэрэг захиргааны болон нягтлан бодох бүртгэлийн албан тушаалд ажиллаж буй ажилтнууд өртөнө.

Хиймэл оюун ухааныг ажлын байруудад нэвтрүүлэх нь эхний үед хөдөлмөрийн зах зээлд сөргөөр нөлөөлнө. Гэхдээ хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх ихэнх шинэ технологийн нөлөө ирэх таван жилд ерөнхийдөө таатай байна гэж ДБ тооцоолж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, кибер аюулгүй байдал, их хэмжээний өгөгдөл, тогтвортой менежментийн технологийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийн хэрэгцээ нь дэлхийн ажил эрхлэлтийн өсөлтийн гол хүчин зүйл болно. 

Тайлангаас үзвэл, “ChatGPT” гэх зэрэг технологиуд гарч ирснээр харилцаа холбоо, үйл ажиллагааны зохицуулалттай холбоотой ажлын байруудыг автоматжуулах эсвэл орлуулах боломжтой болж байгаа аж. 

Үүний зэрэгцээ, одоо ажил эрхлэлтэд хамгийн том аюул учруулж байгаа хүчин зүйлс нь эдийн засгийн өсөлтийн удаашрал, нийлүүлэлтийн доголдол, инфляц гэсэн макро эдийн засгийн хүчин зүйлс юм. Байгаль орчинд ээлтэй технологид шилжихэд хийх хөрөнгө оруулалт, мөн дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг өргөн хүрээнд дахин чиглүүлсний ачаар шинэ ажлын байрууд бий болно гэж тус банкны шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/31...


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна