“Toyota”-гийн үйл ажиллагааны ашиг түүхэн дээд үзүүлэлтэд хүрэх төлөвтэй байна

Б.Ариунзаяа
2023/05/12

ТОКИО. /NHK/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компанийн үйл ажиллагааны ашиг ирэх оны гуравдугаар сард дуусах энэ санхүүгийн жилд 3 их наяд иенд /22 тэрбум ам.доллар/ буюу түүхэн дээд үзүүлэлтдээ хүрэх төлөвтэй байгаа талаар тус компани лхагва гарагт мэдээллээ.

Тодруулбал, “Toyota”-гийн үйл ажиллагааны ашиг 2023 оны санхүүгийн жилд өмнөх оныхоос 10 хувиар, цэвэр орлого 5 хувиар өснө гэсэн тооцоо гарчээ. Тус компанийн мэдээлснээр, хагас дамжуулагчийн хомсдолтой холбоотой асуудал намжсанаар үйлдвэрлэл нэмэгдэх төлөвтэй байна.

Улмаар энэ онд түүхэндээ хамгийн олон буюу 11.4 сая тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа ажээ.

“Ази болон хөгжиж буй орнуудын зах зээл 2030 он гэхэд 30 гаруй хувиар тэлэх төлөвтэй байна. Бид хос цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслүүддээ гол анхаарлаа хандуулснаар орлогын бааз сууриа бэхжүүлэх болно” гэж “Toyota”-гийн тэргүүн Сато Кожи лхагва гарагт мэдэгджээ.

“Toyota” мөн 2022 оны санхүүгийн жилийн орлогын тайлангаа танилцуулсан байна. Тус компанийн борлуулалт өнгөрсөн онд хоёр дахь жилдээ дараалан хамгийн дээд үзүүлэлтэд хүрч, 37 их наяд иен давжээ. Энэ нь өмнөх оныхоос 18 хувиар өссөн байна. Харин цэвэр ашиг 14 хувиар буурснаар сүүлийн дөрвөн жилд анх удаагаа буурсан дүн үзүүлжээ. 

ЭХ СУРВАЛЖ: https://montsame.mn/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна