С.БЯМБАЦОГТ:Шивээхүрэн-Нарийнсухайт чиглэлийн нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ

Б.Ариунзаяа
2023/05/17

#ШУУД Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна


Зам тээврийн сайд С.БЯМБАЦОГТ:

- Өнөөдрийн Засгийн хуралдаанаар манай улсын баруун босоо чиглэлийн төмөр зам болох Шивээхүрэн-Нарийнсухайт чиглэлийн нарийн царигтай төмөр замыг барьж байгуулах асуудлыг ярилцлаа. Төмөр зам барих эрхийг Нарийнсухайтын төмөр зам компанид олгож, бүтээн байгуулалтын зөвшөөрөл олгосон. Энэ бол нарийн сухайтын бүлэг ордын нүүрсийг БНХАУ руу экспортлох зорилготой төмөр зам. Гол төмөр замын урт нь 7 км, салаа төмөр зам нь 20 орчим км. Бүтээн байгуулалтын ажлыг 5 сард эхлүүлж, ирэх 10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Нийт 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай, 6 жилийн хугацаанд ашиглаад улсад шилжүүлж өгнө. 

-Түүнчлэн зүүн босоо төмөр зам буюу 1250 км урттай Шивээ хүрэн- нарийнсухайт- Арц суурь чиглэлийн төмөр зам барих компанийн сонгон шалгаруулалт дууссан. Ирэх 6 дугаар сардаа багтаагаад концессийн гэрээ баталж, энэ онд барилга угсралтын ажлаа эхлүүлж, гуравдугаар улиралд багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

- Мухар төмөр зам болох Гашуунсухай- Ганц модны төмөр замын холболтыг хийх ТЭЗҮ боловсруулах сонгон шалгаруулалт өнгөрсөн 2 дугаар сард зарласан. Ингээд БНХАУ-ын Зураг төслийн 2 дугаар товчоо шалгарсан. Энэ ондоо багтааж барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн зүүн босоо чиглэлийн 426 км Бичигт-Зүүн хатавч чиглэлийн төмөр замыг барих компанийг сонгон шалгаруулалт дууссан. Ирэх 6 дугаар сард гэрээгээ хийж, энэ ондоо багтаж, бүтээн байгуулалтын ажил нь эхэлнэ. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.226
    2023/05/18

    Зам тээврийн сайдаа танай өмнөговийн мэргэжилтэнгүүд чинь маш хүнд сурталтай өөдөөс загнаад л байна шүү дээ

    Хариулах