Ким Жөн Ун пуужин үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг тушаажээ

Админ
2023/08/15

ПЁНЬЯН. /DW/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун “цэргийн хүчийг бэхжүүлж”, дайнд бэлэн байлгахын тулд пуужин, их бууны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг уриалсан тухай тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг өнөө өглөө мэдээллээ. 

Ким Жөн Ун өнгөрсөн амралтын өдрүүдэд тактикийн пуужин, пуужин харвах тавцан, хуягт машин, их бууны сум үйлдвэрлэдэг зэвсгийн үйлдвэрүүдтэй танилцжээ. Энэ нь батлан хамгаалах салбарын байгууламжуудад хийж буй цуврал айлчлалуудынх нь нэг юм.

Тэрбээр БНСУ, АНУ-ын жил тутмын цэргийн сургуулилалт болохоос долоо хоногийн өмнө дээрх мэдэгдлийг хийжээ. Пёньян уг сургуулилалтыг дайнд бэлтгэж буй ажиллагаа гэж үздэг.

“Дайнд бэлтгэх түвшин нь зэвсгийн үйлдвэрлэлийн хөгжлөөс шалтгаалдаг бөгөөд Солонгосын Ардын армийн дайны бэлтгэлийг эрчимжүүлэхэд энэхүү үйлдвэр нь маш чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж Умардын Солонгосын удирдагч хэлжээ.

БНАСАУ-ын зэвсэглэлд АНУ санаа зовниж байна

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамптай холбогдож байсан дипломат сувгууд хаагдсанаас хойш Умард Солонгос зэвсгийн үйлдвэрлэлээ өргөжүүлж, цөмийн зэвсгээ боловсронгуй болгох замыг сонгожээ. Пёньян 100 гаруй удаа пуужингийн туршилт хийсний дийлэнх нь бүс нутагт явуулсан АНУ, Өмнөд Солонгосын цэргийн сургуулилалтуудын хариуд хийсэн туршилт байжээ.

Умард Солонгосын тал Украины дайнд зориулж Орост их буу, мөрөн дээрээс харвах пуужин, пуужин зэрэг зэвсэг нийлүүлсэн гэж АНУ буруутгасаар иржээ. Харин БНАСАУ ба ОХУ зэвсгийн наймааг үгүйсгэсээр байгаа юм.

Өнгөрсөн сард АНУ тэдгээрийн харилцаанд “туйлын ихээр санаа зовниж” байгаагаа мэдэгджээ.

Умард Солонгосын зүгээс учрах цөмийн болон пуужингийн аюул занал өсөн нэмэгдэж байгаагийн хариуд аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг эрмэлзэж буй БНСУ, АНУ, Японы удирдагчид баасан гарагт Вашингтонд гурван талт дээд хэмжээний уулзалт хийх гэж байна.

Эх сурвалж: https://www.montsame.mn/mn/rea...


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна